Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ явган хүний замыг эвджээ.
Энэ тухай НХШГ-ын дарга С.Энхбаяр "Нарны зам дагуу дулааны шугамын ажлыг гүйцэтгэж байгаа компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, явган хүний замыг сэтэлсэн байна. 200 гаруй метр нүх ухаж, дулааны шугамыг угсрах техникийн нөхцөл, ажлын даалгаврыг тус компани батлуулсан ч хаана, хэзээ, ямар зайд хийх зөвшөөрлийг УБЗАА-ны зөвлөлийн хурлаас авалгүйгээр ажлаа эхлүүлсэн байна.
Зөвшөөрлөө автал өнөөдрөөс эхлэн тус байршлын дулааны шугам сүлжээний ажлыг зогсоолоо" гэж мэдээллээ.
Гүйцэтгэгч компанийн захирал О.Мөнх-Од "УБЗАА-наас зөвшөөрөл авахаар бичиг баримтуудаа тав хоногийн өмнө өгсөн. Зөвшөөрлөө хөөцөлдөнө. Хотоо дулаан байлгах гэж өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Өнөө шөнө нүхийг булж, зөрчлүүдээ арилгана" хэмээв.
Нийтийн эзэмшлийн авто зам болон явган хүний замыг эвдсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч, учирсан хохирлыг төлүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!