Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс үндэстнийхээ онцлогийг шингээсэн, хараат бус кино л тухайн орныг дэлхийн дахинд хүргэдэг"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хархорин-2025” кино наадмын талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө. 

Уг наадам нь зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ үеэр нийт найман улсын 21 киноны 40 удаагийн кино үзвэрийг зургаадугаар сарын 27-30-ны өдрүүдэд Шангри-Ла "Өргөө IMAX" кино театрт толилуулах юм байна. 

Үзвэрийн хуваарь: 

Энэхүү наадмыг Монголын үндэсний кино урлагийн зөвлөл санаачилж Кино гүүр хөгжлийн холбоо ТББ гүйцэтгэгчээр ажилладаг байна. Энэ жил нээлттэй кино төслийн шалгаруулалт зарласан ба зургаадугаар сарын 28-ны өдөр олонд нээлттэйгээр шалгаруулалтыг нь явуулах аж. Олон улсын продюсеруудад төслөө танилцуулах том боломж гэдгийг онцлов. 

Ерөнхий шүүгч Оскарын шагналт Марк Баше "Улс орнууд яг өөрсдийн үндэстнийхээ онцлог, үнэт зүйлсээ харуулсан кино хийхэд анхаарч ирсэн. Монголд ч гэсэн энэ нь чухал юм. Тэр дундаа хараат бус кино бүтээх нь чухал байдаг. Хараат бус кино л тухайн улс орныг дэлхийн дахинд хүргэдэг. Дэлхий даяаршсан энэ үед тухайн орны онцлогийг шингээсэн киног бусад орны хүмүүс үзэх ёстой" гэв. 

"Уг кино наадамд оролцож буй кинонуудыг ирж үзэн санал шүүмжлэлээ илэрхийлээрэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөрийн Баатар, Ардын Жүжигчин Н.Сувд "Монголын өөрийн гэсэн нүүр царайтай кино урлаг цаашид хөгжих ирээдүйтэй байна гэж хардаг. Кино урлагаас хувьдаа ашиг олох зорилго уран бүтээлчдэд байдаггүй, байх ёсгүй юм. Өөрийгөө зольж байж энэ урлагт амжилт олдог. Үзэгчид уг кино наадамд оролцож буй кинонуудыг ирж үзэн санал шүүмжлэлээ илэрхийлээрэй" гэв. 

"Бид өөрсдийн үнэт зүйлийг эрж олох хэрэгтэй" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮКУЗ-ийн гишүүн Н.Уранчимэг "Кино наадам бол уран бүтээлч үзэгчдийн хувьд баярын өдрүүд байдаг билээ. Орон орны шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүд ирж уран бүтээлчид хоорондоо танилцан шинэ санаа олох сайхан боломж болдог. Аль ч улсын уран бүтээлчдийн хийдэг кино хүн төрөлхтний үнэт зүйлсийн тухай хөнддөг. Иймд бид өөрсдийн үнэт зүйлийг эрж олохоос гадна бусад улсуудын үнэт зүйлсийг үзэх үнэлж цэгнэх боломж бий болж байна" гэв.