Нидерландын Гааг хотод зохион байгуулагдсан НАТО-гийн дээд хэмжээний чуулганд оролцсон гишүүн орнууд 2035 он гэхэд тус тусын батлан хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэхээр тохиролцжээ.
Чуулганд оролцсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг “Европ болон Өрнийн соёл иргэншлийн хувьд том ялалт” гэж тодорхойлсон байна.
Гишүүн орнуудын гаргасан хамтарсан мэдэгдэлд аюулгүй байдлын “гүн гүнзгий” сорилтуудын эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлэхдээ “Оросын урт хугацааны аюул занал” болон терроризмын аюулыг онцолжээ.
НАТО-гийн аль нэг гишүүн халдлагад өртвөл нэгдсэн хариу арга хэмжээ авах зарчмыг тууштай сахихаа бас батлан илэрхийлсэн байна.
Гэхдээ өмнөх оны чуулганы хамтарсан мэдэгдэлд дурдсан шиг Украинд эзлэн түрэмгийлэл явуулсан Оросын үйлдлийг буруушаагаагүй байна.
“Манай аюулгүй байдалд асуудал тулгарвал бидний хүчин чадал, шийдэмгий байдалд хэн ч эргэлзэх ёсгүй. Энэ бол манай удирдагчдын байгуулж эхэлсэн илүү хүчирхэг, илүү шударга, илүү аюултай эвсэл юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгджээ.
Гишүүн орнуудын нэг халдлагад өртвөл хамтарч хамгаалах НАТО-гийн дүрмийн тавдугаар заалтын талаар Трамп өмнө нь эргэлзээтэй байр суурь илэрхийлж байсан.
Өчигдөр түүнээс энэ талаар сэтгүүлчид асуухад “Би энэ заалтыг дэмжиж байна. Тийм ч учраас би энд байгаа юм” гэж хариулжээ.
Гаагийн дээд хэмжээний чуулганыг хэд хэдэн удирдагч “түүхэн” гэж тодорхойлсон байна.
НАТО-гийн орнууд Украиныг үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ энх тайван тогтоохын төлөө тэмцэхээр тохиролцсоныг Рютте бас мэдэгджээ.
Ирэх арван жилийн хугацаанд гишүүн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5-аас доошгүй хувийг батлан хамгаалах үндсэн зардалд, 1.5 хүртэл хувийг аюулгүй байдлын дэд бүтцэдээ зарцуулахаар болсон байна.
Энэ нь ерөнхийлөгч Трампын эртнээс шаардаж байсан зүйл юм.
Чуулганаас өмнө 5 хувийн зорилтыг Испани улс хамгийн их эсэргүүцэж байлаа.
Тухайлбал тус улсын эдийн засгийн сайд Карлос Куэрпо батлан хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьд хүргэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа Мадридын эрх баригчдын хувьд үүнээс илүү өсгөхөд хэцүү болохыг анхааруулж байв.
Чуулганы үеэр гишүүн орнуудын удирдагчид уламжлалын дагуу бөөндөө гэрэл зураг авхуулахад Испанийн ерөнхий сайд Педро Санчес хамгийн захад зогссон байна.
Бельги улсын ерөнхий сайд Барт де Вевер мөн “10 жилийн дотор 3.5 хувьд хүргэх тийм ч хялбар биш” хэмээн мэдэгдэж байлаа.
Словак улсын ерөнхийлөгч Петер Пеллегрини бас зардлыг их хэмжээгээр өсгөсөнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ тэд бүгд эцсийн мөчид хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурсан байна.
Чуулганы үеэр Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зохицуулж чадсан АНУ-ын ерөнхийлөгч Трампыг НАТО-гийн тэргүүн Рютте магтжээ.
Израиль, Иран улсуудыг Трамп “сургуулийн хашаанд зодолдож байгаа хоёр хүүхэд” шиг дайтсан гэж хэлсэн бол Рютте “аав хүн заримдаа хатуу үг хэлэх хэрэгтэй болдог” хэмээн түүнд тал зассан байна.
Чуулганы үеэр Трамп бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан юм. Энэ үеэр тэр Украины дайныг зогсоох яриа хэлэлцээ төсөөлснөөс илүү хэцүү байгааг хүлээн зөвшөөрч, Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нэмж нийлүүлэх санааг цухуйлгасан байна.
Ингэхдээ тэр ойрын үед ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй дахин ярилцахаа амлажээ.
Хамтарсан мэдэгдэлд НАТО-гийн гишүүд Украиныг үргэлжлүүлэн дэмжих бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгө холбоотнуудын батлан хамгаалах зардалд тусгагдсан талаар дурдсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!