Засгийн газрын хуралдааны талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийх үеэр могойн хорны эсрэг ерөндгийн талаарх сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. Сүүлийн үед могойд хатгуулсан гэх тохиолдол бүртгэгдэх болсон. Гэтэл манай улсын эмнэлгүүдэд могойн хорны эсрэг ерөндөг огт байдаггүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Ерөндгийг хоргүйсгүүр гэж нэрлээд байгаа. Үүнийг эхний 12 цаг дотор хийвэл үр дүн сайтай байдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хоргүйсгүүр нь ямар нэг бүртгэл шаарддаггүй хилээр оруулж ирдэг биологийн идэвхт бүтээгдэхүүн.
Өнөөдөр Б.Батцэцэг сайдтай ярилцаад Москва хотод байна гэдэг мэдээлэл аваад өнөө орой нааш нь ачуулахаар ажиллаж байна.
Тэнд нэг иргэн өөртөө байгаагаа Монгол руу явуулъя гэдэг санаачилга гаргасан байна. Утасны дугаарыг нь Элчин сайдын яаманд өгсөн байгаа.
Хоргүйсгүүрийг бэлтгэдэг арга нь могойн хорыг мал, амьтанд олон удаа халдаагаад цусанд нь эсрэг бие үүсгээд, цуснаас нь тэрхүү эсрэг биеийн ялгаж авдаг. Үүнийг Монголд ч үйлдвэрлэх боломжтой. Өндөр технологи шаардлагагүй.
Ер нь хоргүйсгүүрийн нөөцтэй байх ёстой. Бид яаралтай ажиллаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!