Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Яамдын бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгож, газар, хэлтсийн дарга нарыг 84-өөр цөөлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тооны талаар хэлэлцжээ.

Улмаар 

  • Үндэсний 58 хороо байгааг хоёр дахин бууруулах
  • Яамдын бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгож, дарга нарын тоог цөөлөх шийдвэр гаргасныг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр уг шийдвэрийн талаар дэлгэрүүлэн танилцуулахдаа "Нэгдүгээрт 16 яаманд 138 газар байсныг 109 болгож цөөлж байна. Яамдын хэлтсийн тоо 132 байгааг 77 болгож цөөлөхөөр баталсан. Өөрөөр хэлбэл яамдын газар, хэлтсийн дарга 270 байсан бол 84-өөр цөөлж, 186 болгон бууруулж байна. Ингэснээр яамд хамгийн ихдээ 14, албан хаагч цөөнтэй нь 10 даргатай байх юм.

Хоёрдугаарт газрын харилцаатай холбоотой асуудал дээр уян хатан зохицуулахаар боллоо. Газрын нэгдмэл сангийн төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлагын асуудал нь Засгийн газрын түвшинд яригдаж, газар олголт нь хурдан шуурхай, шат шатныхаа удирдлагын түвшинд хийгдэхээр болж байна. 

Гуравдугаарт эрчим хүчний байгууллагуудыг нэгтгэнэ. Төрийн өмчит компаниудын давхардлыг арилгаж, үр ашиггүй байдлыг бууруулна. Хамгийн их асуудалтай нь эрчим хүчний салбар байна. Энэ салбарт олон компани ажиллаж, давхардсан орон тоо их гарч байна. Ашиг сонирхлын зөрчил, үр ашиггүй зардал, цаашлаад асуудал их бий тул эхнээс нь цэгцэлнэ. Энэ хүрээнд төвийн бүсийн дамжуулах сүлжээнд баруун бүсийн эрчим хүчний сүлжээ буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэнэ. Гурван компани байсныг нэг компани болгосноор давхардсан орон тоо, үргүй зардал буурна. Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж бий, түүнийг Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвд нэгтгэнэ" гэв.