Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид Теслагийн робот таксины дүрэм зөрчсөн үйлдлүүдийг шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Тесла компани өнгөрсөн Ням гарагт удаан яригдаж буй Роботакси үйлчилгээнийхээ бодит орчны туршилтыг АНУ-ын Техас мужийн Остин хотод хязгаарлагдмал хүрээнд эхлүүлсэн юм.

Гэвч хэдхэн хоногийн дотор автомат жолоодлоготой уг автомашины урсгал сөрсөн, шугам давсан, хурд хэтрүүлсэн зөрчлийн дүрс бичлэгүүд сошиал орчинд тарах болжээ.

Тиймээс АНУ-ын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний Захиргаа үүнийг анхааралдаа авч, шалгаж эхэлсэн байна.

“Бид илэрсэн зөрчлүүдийн талаар мэдэж байгаа бөгөөд үйлдвэрлэгчээс нь нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ.

Тесла компани Роботаксиныхаа туршилтын үйлчилгээнд ихээхэн ач холбогдол өгч, багагүй хөрөнгөөр сурталчилж байгаа.

Тухайлбал хэд хэдэн YouTube контент бүтээгчийг хөлсөлж, үйлчилгээнийхээ туршилтад хамруулжээ.

Тэдний зарим нь үйлчлүүлж байхдаа робот такси замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг баримтжуулснаа өөр өөрийн сувгаар харуулж байв.

Тэрбумтан Илон Маск робот таксийг Тесла компанийнхаа ирээдүй хэмээн сурталчилж, дэлхийн хотуудын гудамжинд сая сая ийм тээврийн хэрэгсэл зорчдог болох тухай байнга ярьдаг.

Дөрөвдүгээр сард улирлын санхүүгийн үр дүнг танилцуулахдаа Маск “Ирэх оны хоёрдугаар хагаст автомат жолоодлоготой олон сая Тесла гудамжаар зорчдог болно гэж би таамаглаж байна” гэж хэлсэн юм.

Тэрбээр 2019 онд анх Роботаксийг танилцуулахдаа бас ингэж хэлж байв.

Маскийн улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор 2025 оны нэгдүгээр улиралд орлого нь жилийн өмнөх мөн үеэс 71 хувиар буурсан Тесла компанийн хувьд Роботакси бол нэр хүндийг нь сэргээх маш чухал төсөл юм.

 

Эх сурвалж: Associated Press