Ирэх долоо хоногт Бразилын Рио де Жанейро хотод зохион байгуулагдах BRICS-ийн дээд хэмжээний чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцохгүй болсон нь энэ байгууллагын түүхэнд анхны тохиолдол болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр “бусад ажлын төлөвлөгөө давхацсан тул” гэх тайлбарыг Бээжингээс чуулганыг зохион байгуулагчдад өгсөн гэнэ.
Ши Жиньпиний оронд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян уг арга хэмжээнд Хятадын төлөөлөгчдийг ахлан оролцохоор болжээ.
Бээжингийн албаны зарим эх сурвалжийн мэдээлснээр Бразилын ерөнхийлөгчтэй жил хүрэхгүй хугацааны дотор хоёр удаа уулзсан нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ.
Тухайлбал арваннэгдүгээр сар Бразилын нийслэлд, дараа нь тавдугаар сард Бээжинд тэд уулзаж байжээ.
Гэхдээ BRICS-ийн дээд хэмжээний чуулга уулзалтуудыг Ши Жиньпин ганц ч удаа алгасаж байгаагүй.
Бразилын гадаад хэргийн яамнаас сэтгүүлчид өчигдөр энэ талаар тодруулахад “Гадаадын төлөөлөгчдийн дотоод асуудалд тайлбар өгөх боломжгүй” хэмээн хариулжээ.
Бразил дахь Хятадын элчин сайдын яам мөн тодруулгад хариу өгөөгүй байна.
Гэхдээ Бразилын албаны хүмүүс Ши Жиньпин ирэхгүй болсонд сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй юм.
Тухайлбал нэг эх сурвалж тавдугаар сард Бээжинд хийсэн Бразилын ерөнхийлөгч Лула да Силвагийн айлчлал нь Риогийн чуулганд Ши Жиньпинийг оролцоно гэдэгт найдаж байгаагийн илэрхийлэл байсныг хэлжээ.
Өөр нэг эх сурвалж Бразилын ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модид зориулж төрийн хүндэтгэлийн зоог зохион байгуулахаар болсон нь Ши Жиньпинийг “хоёр дахь хүн” болохоос зайлсхийх шалтгаан болсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Риогийн чуулганд Хятадын төрийн тэргүүн оролцох эсэх асуудал олон сарын турш яригдаж байгаа сэдэв юм.
Хоёрдугаар сард Бээжин хотод Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахдаа Бразилын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Селсо Аморим энэ асуудлыг хөндөж байжээ.
“Би тэдэнд Хятадгүй BRICS бол BRICS биш гэж хэлсэн” гэж тухайн үед Аморим ярьж байв.
BRICS-ийн анхны чуулган Бразилд зохион байгуулагдахад тухайн үеийн Хятадын удирдагч Ху Жиньтао хэдийгээр улс оронд нь газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдоод байсан ч оролцсоныг тэр сануулжээ.
“Тэр ганцхан өдөр саатсан. Гэхдээ л ирж байсан” гэж Аморим энэ талаар хэлсэн байна.
BRICS-ийн дээд хэмжээний чуулган долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Рио де Жанейро хотод зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!