• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Б.Түмэнцэнгэл: Тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир 70/30 гэхчлэн өөр шалгуур тавих боломжгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэрийнхээ талаар тайлбарлалаа. 

Тус банкны хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэл "2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлтэй 281.2 мянган зээлдэгчийн 1.9 их наяд орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл нь нийт хэрэглээний зээлийн 15%-ийг бүрдүүлж байна.

Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд сард дунджаар 828.2 мянган төгрөгийн тэтгэврийн орлогынхоо 83.7%-ийн зээлийн эргэн төлбөрт төлж байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2021 оны хоёрдугаар улиралд 100.6 тэрбум байв.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж 2025 онд дараах хоёр шийдвэрийг гаргаад байна. Үүнд:

  • 2025 оны гуравдугаар сард тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тус тус тогтоосон.
  • 2025 оны зургаадугаар сард банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоосон.

Эдгээр шийдвэр нь эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн гаргасан мөнгөний бодлоготой уялдсан макро зохистой бодлогын цогц тохиргооны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Монголбанк дээрх шийдвэрүүдийг гаргахдаа үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөтэй хэд хэдэн хүчин зүйлсийг тооцож үзсэн бөгөөд эдгээр арга хэмжээ нь төв банкны үндсэн зорилтуудыг хангахад чиглэсэн. Тухайлбал:

  1. Инфляц нэмэгдэж, 2025 онд төв банкны зорилтоос өндөрт хадгалагдахаар хүлээгдэж байгаа. Уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспортоос голлон шалтгаалж төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид үзүүлэх дарамт нэмэгдсэн нь инфляцад сөргөөр нөлөөлсөн хүчин зүйл болсоор байна.
  2. Гадаад эдийн засгийн орчны тодорхой бус байдал нэмэгдсэн үед санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд системийн эрсдэл хуримтлахаас сэргийлэх бодлогын тохиргоо шаардлагатай хэвээр байна. Банкны салбарын хэрэглээний зээл нь нэг талаас импорт болон дотоод эрэлтийг өдөөж, нөгөө талаас өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулж болзошгүй.

Хэрэглээний зээлийн хурдтай өсөлт инфляц болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул зохицуулах шаардлага үүссэн болно. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны сүүлийн шийдвэрээр тэтгэврийн зээлд тавьсан амьжиргааны баталгаажих түвшний зохицуулалтыг болиулж өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгож зөөлрүүлсэн тул ялангуяа бага тэтгэвэртэй зээлдэгчийн хувьд зээл авах боломж нэмэгдсэн байна. 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчдийн хувьд Монголбанкны өр, орлогын хязгаарлалт хамааралгүй бөгөөд зээлээ сунгах, нэмж зээл авах боломжтой" хэмээв.

Харин "Өр, орлогын харьцааг 50/50 хувь биш 60/40, 70/30 гэх мэтээр өөрчлөх боломж байсан уу, энэ талаар ямар тооцоолол хийж үзсэн бэ. Мөн олгох хугацааг 36 сар болгох боломж бий юу" гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Монголбанк ахмадуудад зориулсан тэтгэврийн зээлийг онцгойлж гаргасан шийдвэр биш. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харвал хэрэглээний зээл нь инфляцыг өдөөх нэг хүчин зүйл болж байна. Мөн санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулж болзошгүй учраас тодорхой хэмжээнд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэн хэрэгжүүлж буй арга хэмжээ. 70/30 болгох боломжгүй шалтгаан нь нийт хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг 50/50 гэж заасан. Энэ утгаараа тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл бөгөөд нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж байна. Иймээс өөр шалгуур тавих үндэслэл байхгүй. 

Харин олгох хугацааны тухайд төв банкнаас арилжааны банк буюу бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцох хуулийн заалт байхгүй. Зохицуулалтынхаа орчинд банкнууд бүтээгдэхүүнийхээ хүү, хугацааг тогтоох тул төрөөс оролцдоггүй гэдгийг ойлгох нь зүйтэй" гэж хариуллаа.