БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд болж байна.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин оролцож буй.
Тэмцээний залуучуудын 54 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийлбэр дүн (443 кг)-гээр мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр дүн (333 кг)-гээр хүрэл медаль хүртлээ.
Д.Жигмэд эхний өргөлтөөр залуучуудын Ази тивийн дээд амжилт (141 кг)-ыг шинэчилсэн бол сүүлийн өргөлт (151 кг)-өөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Харин Б.Алтангэрэлийн олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль нь энэ.
Үлдсэн өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй гурван тамирчин өрсөлдөнө гэж Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!