Өнгөрсөн Бямба гарагт Пакистан улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “жинхэнэ энхийг сахиулагч” хэмээн өргөмжилж, Нобелийн Энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлснээ зарлаж байв.
Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн сард Пакистан, Энэтхэг улсуудын хооронд дэгдсэн дөрвөн өдрийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход Трамп чухал үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой байжээ.
Пакистаны засгийн газрын мэдэгдэлд Трампыг “стратегийн алсын хараа, төрийн зүтгэлтний мэргэн ухааныг харуулсан” хэмээн магтсан юм.
Гэвч маргааш нь буюу Ням гарагт АНУ-ын онгоцнууд Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөний дараа Пакистаны эрх баригчид Трампын энэ шийдвэрийг хурцаар шүүмжилжээ.
“Ираны эсрэг явуулсан түрэмгийллийн улмаас хурцадмал байдал, хүчирхийлэл урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрсэн нь сэтгэл түгшээж байна. Хурцадмал байдал цаашид өргөжвөл бүс нутаг төдийгүй олон улсын хэмжээнд ноцтой аюул учруулах болно” гэж Пакистаны гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Мөн Пакистаны ерөнхийлөгч Шебхаз Шариф өчигдөр Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай утсаар ярихдаа “АНУ-ын халдлагыг буруушааж байгааг илэрхийлсэн” тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Пакистаны гадаад хэргийн яам амралтын өдрүүдэд дараалан эрс тэс агуулгатай мэдэгдэл гаргасан шалтгааныг нь тодруулахад тайлбар өгөөгүй байна.
Тус улсын хамгийн том хот Карачид өчигдөр олон мянган хүн Иранд халдсан АНУ болон Израиль улсуудын эсрэг жагссан юм.
Жагсагчид Трампын хөрөг бүхий АНУ-ын далбааг газарт дэвсээд дээгүүр нь алхаж байлаа. Тэд АНУ, Израилиас гадна өөрийн хөрш Энэтхэг улсын эсрэг уриа үгсийг хашхирч байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!