Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Украины цэргүүд Курск мужид бага хэмжээний нутаг дэвсгэр хянасан хэвээр байгааг командлагч нь мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Украины цэргүүд ОХУ-ын Курск мужид бага хэмжээний нутаг дэвсгэр хянасан хэвээр байгааг тус улсын зэвсэгт хүчний командлагч Ням гарагт мэдээлжээ.

2024 оны наймдугаар сард Украины цэргүүд хил залгаа Оросын Курск мужийн нутагт гэнэт халдаж, 1,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайтай газар нутагт хяналтаа тогтоож байв.

Өнгөрсөн хавар Оросын эрх баригчид Курск мужийг бүрэн чөлөөлснөө зарласан юм.

Тэгвэл Ням гарагт Украины зэвсэгт хүчний командлагч Олександр Сирський цэргүүд нь Курск мужид 90 орчим хавтгай дөрвөлжин километр нутгийг хянасан хэвээр байгаа, тэднийг хөөн гаргахын тулд Оросын 10,000 орчим цэрэг байлдаж байгааг мэдээлжээ.

Цаашдаа Оросын нутаг дэвсгэрт явуулах байлдааны ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгааг Сирський сэтгүүлчидтэй уулзахдаа амласан байна.

“Бид нутгийн иргэдийн эсрэг байлдаагүй, зөвхөн цэргийн байнуудыг устгаж байгаа” гэж тэр энэ үеэр мэдэгджээ.

Курскийг чөлөөлөх байлдааны ажиллагаандаа Оросын эрх баригчид холбоотон Умард Солонгосын арав гаруй мянган цэргийг оролцуулж байв.

Уг ажиллагаанд Оросын талаас нийтдээ 70,000 цэрэг оролцсон гэдэг.

Энэ сарын эхээр Пёняны дэглэм Курск мужийн сэргээн босголтод ажиллуулахаар дахин олон мянган цэргийг илгээх болсон тухай ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Сергей Шойгу ярьсныг тус улсын төв хэвлэл мэдээлж байв.

 

Эх сурвалж: BBC