Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны цөмийн байгууламжуудыг устгах АНУ-ын нууц ажиллагаа хэрхэн хэрэгжсэн талаар Пентагоны өгсөн мэдээлэл

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө Иран улсын цөмийн хөтөлбөрийн гол гурван байгууламж АНУ-ын агаарын цохилтод өртсөнийг дэлхий нийт өглөө нь л мэдсэн билээ.

“Шөнө Дундын Алх Ажиллагаа” (Operation Midnight Hammer) нэртэй уг нууц ажиллагаа хэрхэн хэрэгжсэнийг Пентагон сүүлд дэлгэрэнгүй мэдээлжээ.

АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт бөмбөгдөгч онгоцнууд нь дэлхий нийтэд огт мэдэгдэлгүйгээр Ираны агаарын орон зайд нэвтрээд буцаж гарсныг сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Шөнө дунд өнгөрч байхад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт нар Цагаан ордны “Situation Room” танхимд цугларсны дараа Миссури муж дахь агаарын баазаас B-2 бөмбөгдөгч онгоцнууд дорно зүгийг чиглэн хөөрчээ.

Дууны хурднаас арай бага хурдаар нисдэг эдгээр онгоцнууд тус бүр хоёр “бункер дэлбэлэгч” бөмбөг тээвэрлэн Атлантын далай дээгүүр Иран улсыг чиглэн ниссэн байна.

Эдгээр нь Ираны цөмийн хөтөлбөрийн зүрх болсон Фордоугийн уулан доорх байгууламжийг, бас Натанз дахь судалгааны төвийг устгах зорилготой байжээ.

Газрын гүнд байрладаг Фордоугийн нууц байгууламжийг агаараас устгах зэвсэг зөвхөн АНУ-д байдаг юм.

Энэ үед дэлхий нийт өмнөх өдөр нь Номхон далайн Гуам арал руу ниссэн өөр B-2 бөмбөгдөгч онгоцнуудад анхаарлаа хандуулаад байв.

Гэхдээ энэ нь жинхэнэ ажиллагаагаа нууцлах гэсэн Пентагоны тактик байсан байна.

Өөрөөр хэлбэл Миссуригийн агаарын баазаас хоёр тийшээ B-2 онгоцнуудыг нисгэжээ.

зураг
 

Жинхэнэ ажиллагаанд оролцох долоон B-2 нь тус бүр хоёр нисгэгчтэй Атлантын далай дээгүүр ниссэн юм байна.

АНУ-ын цөөн өндөр албан тушаалтнуудын мэдэж байсан тэдгээрийн газар зүйн байрлал тогтоогчийг унтрааж, харилцаа холбоог нь хамгийн бага байх горимд тохируулжээ.

Бөмбөгдөгчүүд Ойрх Дорнодод ирэх үед дайсны агаарын хамгаалалтын системийг нэвтрэхэд туслах зорилгоор өөр байлдааны нисэх онгоцнууд тэдэнтэй нэгдсэн байна.

Гэвч Ираны тал уг ажиллагааг огт мэдээгүй, ямар нэг хариу арга хэмжээ аваагүй өнгөрсөн гэнэ.

“Ираны агаарын орон зай дахь Израилийн ноёрхол нь АНУ-ын бөмбөгдөгч онгоцнуудад ямар ч аюулгүй нисэх замыг зассан” гэж Пентагоны генерал тайлбарлажээ.

Бөмбөгдөгч онгоцнууд Фордоуг бөмбөгдөхөд бэлэн болох үеэр Арабын тэнгист байрласан АНУ-ын шумбагч онгоцнууд Исфахан хотын ойролцоо байрладаг цөмийн байгууламжуудыг далавчит пуужингаар харвасан байна.

Ингээд тэнгисээс болон агаараас Ираны цөмийн хөтөлбөрийн гурван нууц байгууламжид зэрэг довтлох ажиллагаа эхэлжээ.

Иранд шөнийн 2:00 болж байхад B-2 онгоцноос GBU-57 Massive Ordinance Penetrator бөмбөгийг Фордоугийн байгууламжийн эхний бай дээр хаясан байна.

Уг бөмбөг бетон байгууламжийг 18 метр, газрын гадаргыг 61 метр нэвтэлсний дараа дэлбэрдэг. Хэдийгээр үр дүн нь баталгаагүй ч энэ бол 80-90 метрийн гүнд байрладаг Фордоугийн байгууламжид нөлөөлж чадах дэлхийн цорын ганц зэвсэг юм.

АНУ анх удаагаа “бункер дэлбэлэгч”-ийг жинхэнэ байлдааны ажиллагаанд ашигласан нь энэ.

Бусад B-2 онгоцнууд үүргээ гүйцэтгэснээр Фордоу болон Натанз дахь байгууламжуудад нийтдээ 14 ийм бөмбөг хаяжээ.

Миссуригээс хөөрснөөсөө хойш 18 цагийн дараа бөмбөгдөгч онгоцнууд 25 минутын хугацаанд үүргээ гүйцэтгээд Ираны агаарын хилээс гарч, АНУ руу буцах замдаа орсныг Пентагон мэдээлсэн юм.

зураг
 

Уг ажиллагаанд нийтдээ 75 нарийн тусгалтай зэвсэг, 125 нисэх онгоц оролцсоныг Пентагоны тэргүүн Пит Хэгсэт мэдээлжээ.

Ажиллагааны үр дүнг үнэлэхэд тодорхой хугацаа шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Энэ бол дэлхийн өөр аль ч улс гүйцэтгэж чадахааргүй маш нарийн төвөгтэй ажиллагаа. Ажиллагаа тактикийн хувьд амжилттай болсон ч Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох зорилгодоо хүрсэн эсэх нь тодорхойгүй байна” гэж Center for a New American Security судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Стэси Пэттижон тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC