Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цохилтын дараа Ираны гадаад хэргийн сайд Путинтэй уулзахаар Москваг зорив

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө АНУ-ын зэвсэгт хүчин Иран улсын цөмийн судалгааны гурван гол байгууламжид агаараас довтолсон нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгаад байгаа билээ.

Туркийн Истанбул хотод Исламын Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулганд оролцсон Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр уг цохилтыг АНУ болон Израиль улсууд “томоохон улаан шугамыг давсан үйлдэл” гэж тодорхойлоод ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Москваг зорьж байгаагаа мэдээлжээ.

Израилийн арми Ираны цэргийн болон цөмийн судалгааны байгууламжуудад агаараас довтолж эхлээд ес хонож байхад ерөнхийлөгч Трамп уг мөргөлдөөнд АНУ-ыг оролцуулах эрсдэлтэй шийдвэр гаргасан нь энэ юм.

“Урд шөнө хамгийн аюултай зүйл болж өнгөрлөө” гэж хэлсэн Арагчи газар дор уран баяжуулах үйл ажиллагаа явуулдаг Фордоугийн байгууламжид ямар хэмжээний хохирол учирсныг мэдээгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ.

“Надад хохирлын хэмжээний талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ энэ чухал биш гэж би бодож байна. Өнгөрсөн шөнө болсон халдлага бол ноцтой гэмт хэрэг мөн” гэж тэр хэлсэн юм.

Арагчи цааш нь “Энэ үйлдлээрээ АНУ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг ноцтой хохироолоо. АНУ-ын түрэмгийллээс шаардлагатай бүх арга замаар өөрийгөө хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр Ням гарагийн орой Москвад зочилж, Даваа гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах гэж байгаагаа энэ үеэр мэдээлсэн байна.

“Би өнөөдөр үдээс хойш Москвад очиж, маргааш ОХУ-ын ерөнхийлөгчтэй нухацтай ярилцах болно” гэж Арагчи хэлсэн юм.

АНУ-ын цохилтын дараа ерөнхийлөгч Дональд Трамп “одоо Иран улс энэ дайныг дуусгах цаг болсныг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж анхааруулсан.

Харин Арагчи өчигдөр ийм тулган шаардалт “утга учиргүй” болсныг хэлсэн байна.

“Иран улсын эсрэг эхлүүлсэн Израилийн геноцид дэглэмийн хууль бус түрэмгийллийг дэмжсэнээрээ АНУ дипломат яриа хэлэлцээний дундаас урвасныг дэлхий нийт мартаж болохгүй. Бид дипломат үйл ажиллагаа явуулж байгаад халдлагад өртлөө. Тэд дипломат ёсыг мэддэггүй, зөвхөн заналхийлэл, түрэмгийллийн хэлийг ойлгодог болохоо харуулж байна” гэж тэр хэлжээ.

Исламын Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулганыг зохион байгуулсан Турк улс АНУ-ын оролцоо нь Израиль-Ираны мөргөлдөөнийг бүс нутгаас дэлхийн хэмжээнд өргөжүүлэх ноцтой үр дагавартай үйлдэл болсныг шүүмжилсэн байна.

“Өрнөж буй үйл явдал нь бүс нутгийн мөргөлдөөнийг дэлхийн хэмжээнд хүртэл хурцатгахад хүргэж болзошгүй боллоо. Бид ийм сүйрлийн хувилбарыг бодитой хэрэгжүүлэхийн эсрэг байна” гэж Туркийн гадаад хэргийн яам мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP