Ираны эсрэг явуулж буй Израилийн байлдааны ажиллагаанд АНУ оролцох эсэхийг ерөнхийлөгч Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийдэхээ мэдэгдээд байгаа.
Хэрвээ оролцвол Ираны цөмийн хөтөлбөрийн гол нууц байгууламжийг бөмбөгдөх үүрэг гүйцэтгэж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.
Фордо нэртэй уг байгууламж нь уулын дор, газрын гүнд байрладаг тул ердийн бөмбөгөөр устгах боломжгүй. Устгах чадвартай цорын ганц бөмбөг нь АНУ-ын зэвсэглэлд байдаг, түүнийг алс хол тээвэрлэх чадвартай цорын ганц нисэх онгоц B-2 мөн АНУ-д байдаг гэдэг.
Тэгвэл АНУ-ын засаг захиргаа хоёр ширхэг B-2 бөмбөгдөгч онгоцыг Миссури мужийн нутаг дэвсгэрээс Номхон далайн Гуам аралд байрладаг өөрийн цэргийн баазад шилжүүлэн байрлуулжээ.
Эдгээр онгоцнуудыг ямар зорилгоор нүүлгэн шилжүүлснээ Пентагоны албаныхан тайлбарлаагүй байна.
Далавчны нийт урт нь 50 гаруй метрт хүрдэг B-2 бол 13,608 кг жинтэй “бункер дэлбэлэгч” гэгддэг GBU-57 Massive Ordnance Penetrator бөмбөгийг алс зайд тээвэрлэх чадвартай цорын ганц нисэх онгоц юм.
Үүнийг Фордогийн цөмийн байгууламжийг устгаж чадах цорын ганц зэвсэг гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа.
Цөмийн зэвсэгт ашиглах зорилгоор уран баяжуулж байж болзошгүй гэгдэж байгаа Фордо нь газрын гадаргаас 100 орчим метрийн гүнд байрладаг.
Үүнийг устгах чадалтай зэвсэг Израилийн армид байхгүй тул АНУ-ын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэдэг.
Гэхдээ Фордогоос 9,500 км зайд оршдог АНУ-ын газар нутаг Гуам арлаас ийм ажиллагаа явуулахад тохиромжгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Үүнээс гадна Гуамаас хоёр дахин ойр зайд байрладаг Энэтхэгийн далайн Диего Гарсиа баазыг уг ажиллагаанд ашиглаж болзошгүй гэсэн яриа тараад байгаа.
B-2 бөмбөгдөгчөөс гадна АНУ өнгөрсөн долоо хоногт олон тооны байлдааны зэвсгээ Ойрх Дорнодын бүс нутагт шилжүүлсэн нь батлагдсан.
Тухайлбал хамгийн багадаа 30 ширхэг нисэх онгоц АНУ-аас Европын баазууд руу шилжсэн нь агаарын нислэгийн замын мэдээллийн сангаас харагдаж байгаа.
Эдгээр нь сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнуудыг агаарт түлшээр цэнэглэх зориулалттай KC-135 шатахуун тээвэрлэгч онгоцнууд байжээ.
Үүнээс гадна нисэх онгоц тээвэрлэгч USS Nimitz тэнгисийн хөлгийг Өмнөд Хятадын тэнгисээс Ойрх Дорнодод шилжүүлсэн байна.
Бас F-16, F-22, F-35 сөнөөгч онгоцнуудыг Ойрх Дорнодын баазуудад шилжүүлсэн гэх мэдээллийг Мягмар гарагт Пентагоны гурван эх сурвалж баталсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!