Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын дүрвэгч багтсан олон улсын К-поп хамтлаг ирэх сард дэлхийн тайзанд анх удаа гарна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Олон улс үндэстний төлөөллөөс бүрдсэн таван гишүүнтэй 1VERSE хамтлаг ирэх сард дэлхийн тайзнаа анх удаа гарахаар болсныг Пүрэв гарагт тус хамтлагийн харьяалагддаг “Singing Beetle” агентлаг албан ёсны сошиал сувгаараа зарлажээ.

Бас нэг онцлог нь К-поп урлагийн түүхэнд анх удаагаа Умард Солонгосын дүрвэгч тус хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан юм байна.

1VERSE хамтлагийн тоглолтыг долдугаар сарын 18-ны өдөр дэлхий даяар шууд дамжуулахаар болжээ.

Хамтлагийн гишүүн Хюк, Сок хоёр хоёул Умард Солонгосын уугуул юм байна. Тай-Лао гаралтай АНУ-ын иргэн Натан, Хятад гаралтай АНУ-ын иргэн Кенни, Японы харьяат Айто нар хамтлагийн бусад гишүүд ажээ.

Хамтлагийн нэр 1VERSE нь хувь хүн бүрийн “verse” буюу шүлгүүд нэгдэж, нэг “universe” буюу ертөнц болохыг бэлгэдсэн гэнэ.

Ирэх сард дэлхий дахинд дебют болох ч хамтлагийн талаар мэдээлэл сошиал сувгуудаар цацагдаж, хэдийнээ олны танил болж эхэлснийг “Singing Beetle” агентлаг мэдэгдэлдээ онцолжээ.

Тухайлбал YouTube, Instagram, TikTok зэрэг платформуудаар тайзны арын бичлэгүүд, дуу хоолой, бүжгийн бэлтгэлийн бичлэгүүдээ цацаж эхэлсэн нь АНУ, Индонез, Мексик, Бразил, Филиппин, Их Британи зэрэг улсуудад олон хүний анхаарлыг татаад байгаа гэнэ.

Хамтлагийн гүйцэтгэх продюсер буюу Singing Beetle агентлагийн гүйцэтгэх захирал Мишел Чо нь SM Entertainment агентлагийн продюсер асан туршлагатай хүн юм байна.

Түүний өмнө нь гүйцэтгэж байсан төслүүдийн хүрээнд нийтдээ найман сая гаруй цомог зах зээлд борлогдож байсныг SInging Beetle агентлаг онцолжээ.

 

Эх сурвалж: Korea Times