Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны бөмбөгдөлтийн улмаас хүүгийнх нь хурим хоёр дахиа хойшилсныг Нетаньяху ярьсан нь израильчуудыг бухимдуулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр Ираны агаарын довтолгооны улмаас ард түмэн нь зовж байгааг ярихдаа өөрийн гэр бүлийн хохирлыг ярьсан нь хүмүүсийг нэлээд бухимдуулжээ.

Пүрэв гарагийн өглөө тус улсын өмнөд бүсийн Беершеба хотын эмнэлэг Ираны пуужингийн цохилтод өртсөн юм.

Гэмтсэн эмнэлгийн барилгын өмнө Нетаньяхугийн ярьсан зүйл түүнийг бодит амьдралаас хэр их холдсоны илэрхийлэл хэмээн хүмүүс шүүмжилж байна.

Гэр бүл нь жирийн израильчуудын адил хэрхэн зовж байгааг ярихдаа тэр хүү Авнерынх нь хурим хоёр дахиа хойшилсонд бэрийнх нь болон гэргийнх нь сэтгэл дундуур байгааг жишээ татжээ.

Ингэхдээ Нетаньяху бас дэлхийн хоёрдугаар дайны үеэр Их Британи улс нацист Германы бөмбөгдөлтийн улмаас 43,000 энгийн иргэнээ алдсаныг дурдаж, өөрийгөө Черчильтэй зүйрлэхийг оролдсон байна.

“Энэ бүхэн Блицийн үеийн Британийн ард иргэдийг надад санагдуулж байна. Бид бас Блицийг туулж байна” гэж тэр хэлжээ.

Блиц нь цэргийн гэнэтийн халдлага довтолгоог илэрхийлдэг үг.

Хоёр улсын мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн 24 энгийн иргэн алагдсан гэх тоо бий. Харин Ираны хохирол энэ хугацаанд 263 хүрсэн тухай хөндлөнгийн ажиглагчид мэдээлж байна.

“Хүн бүр энэ мөргөлдөөнөөс хохирол амсаж байгаа. Миний гэр бүл ч ялгаагүй. Пуужингийн аюулаас болоод миний хүү Авнер хоёр дахь удаагаа хуримаа цуцаллаа. Энэ нь түүний сүйт бүсгүйн хувьд ч, миний хайртай баатарлаг гэргийн хувьд ч гарз хохирол болж буйг би хэлмээр байна” гэж Нетаньяху ярьжээ.

Авнер Нетаньяхугийн хурим анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард товлогдсон ч аюулгүй байдлын үндэслэлээр хойшилж байв.

Дараа нь Нетаньяху шүүмжлэлийг үл харгалзан Даваа гарагт зохион байгуулахаар тов зарлаж байжээ.

Түүний өчигдөр ярьсан зүйл израильчуудыг бухимдуулсан нь эргэлзээгүй.

Хүү нь Хамасын барьцаанд байгаа иргэн Анат Ангрест “Миний гэр бүл ч гэсэн зовлон туулж байна. Би сүүлийн 622 хоногийг Газын тамд өнгөрүүллээ” гэж сошиал хуудсандаа бичжээ. Израилийн парламент Кнессет дэх Ардчилсан намын төлөөлөгч Гилад Карив ерөнхий сайдаa “хязгааргүй биеэ тоогч” хэмээн шүүмжилсэн байна.

“Би хуримаа хойшлуулсан биш, хуримаа хэзээ ч хийхээргүй болсон олон гэр бүлийг мэднэ” гэж тэр харамсжээ.

Нетаньяху тансаг хэрэглээгээрээ Израильд алдартай гэргий Сарагаа “баатар” гэж өргөмжилснийг Карив бас шүүмжилсэн байна.

“Жинхэнэ баатрууд бол шөнийн ээлжид ажиллахаар гэрээсээ гардаг эмч нар юм. Бидний хүүхдүүдийг Zoom болон утасны дэлгэцийн ард нэгтгэдэг багш нар баатрууд юм” гэж тэр мэдэгджээ.

“Гэхдээ Нетаньяхугийн хувьд энэ бол гайхаад байх зүйл биш. Зовсон хүмүүст өөрийн хувийн үлгэр дуурайлыг үзүүлэхдээ ч тэр өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг хүн” гэж сэтгүүлч Амир Тибон шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian