Манай улсын зарим иргэн БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, наймаалах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жилийн хорих ял авсан тохиолдол гарч байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлд зааснаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд тоо хэмжээ харгалзахгүй эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
Мансууруулах бодис худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд оногдуулах ялын хэмжээ 200 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас бага героин, метамфетамин болон бусад бага хэмжээний мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд гурван жилээс илүүгүй хугацаагаар хорих, эрүүгийн хэрэг үүсгэн баривчлах, олон нийтийн хяналтад байлгах, торгох, нөхцөл байдал хүнд тохиолдолд 3-7 жилийн хугацаагаар хорьж, торгох ялаар шийтгэнэ.
200 гр-аас дээш, харин 1,000 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас дээш боловч 50 гр-аас бага героин, метамфетамин, эсхүл их хэмжээний бусад төрлийн хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд долоон жилээс доошгүй хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Нэг кг-аас дээш хар тамхи, 50 гр-аас дээш героин, метамфетамин, их хэмжээний бусад төрлийн мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд 15 жилийн хугацаагаар болон бүх насаар нь хорих, цаазаар авах ялаар шийтгэж, эд хөрөнгийг нь хураана.
Насанд хүрээгүй хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэхэд ашигласан, өдөөн хатгасан, насанд хүрээгүй хүүхдэд хар тамхи худалдсан этгээдэд илүү хүнд шийтгэл ногдуулдаг байна.
Баривчлах болон гурваас доош жил хорих ялаар шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хөнгөн, гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлгүй, тэнсэн харгалзах тухай зарласан нь амьдарч буй нийгэмд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх мэт нөхцөлийг хангасан тохиолдолд тэнсэн харгалзах ял оноодог.
Эх сурвалж: БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!