Тайландын ерөнхий сайд Паетонтарн Шинаватрагийн эвслийн засгийн газар задралын ирмэгт тулаад байна.
Энэ нь хөрш Камбожийн ерөнхий сайд асан Хун Сентэй ярьсан түүний утасны ярианы бичлэг задарсантай холбоотой юм.
38 настай ерөнхий сайдын ярианы агуулга Тайландын олон нийтийг нэлээд бухимдуулж, зарим намыг эвслийн засгийн газраас гарахад хүргэжээ.
Шинаватра утсаар ярихдаа гэр бүлийн найз Хун Сенийг “авга ах” хэмээн хүндэлж, Тайландын армийн командлагчийг түүнд муулсан байна.
Ерөнхий сайд өчигдөр Тайландын олон нийтээс уучлал гуйжээ.
“Миний Камбожийн удирдагчтай хийсэн ярианы аудио бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэсэнд хүлцэл өчье” гэж Шинаватра энэ үеэр хэлсэн юм.
Засгийн газраас гарч байгаагаа эвслийн хоёр дахь том нам Бумжайтай өнгөрсөн Лхагва гарагт зарласан нь ерөнхий сайдад том цохилт болсон.
Эвслийн өөр хоёр нам Пүрэв гарагийн орой үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна.
Шинаватра утсаар ярихдаа хоёр улсын хооронд саяхан гарсан хилийн мөргөлдөөний үеэр Тайландын армийн командлагчийг “сүртэй харагдах гэж хэрэггүй зүйл ярьсан” хэмээн Хун Сенд тал засаж байжээ.
Шинаватра болон Хун Сений гэр бүлүүдийн найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Хун Сен болон Тайландын ерөнхий сайдын аав Таксин Шинаватра нар бие биеэ “загалмайлсан ах дүүс” гэж үздэг.
Хатагтай Шинаватра хөрш улсынхаа удирдагчид тал зассан энэ үйлдлээ “хэлэлцээрийн арга техник” гэж тайлбарласан ч сөрөг хүчнийхний уур хилэнг дарж чадаагүй юм.
Тайландын ерөнхий сайдтай хийсэн ярианы бичлэгээ Хун Сен өөрийн 80 улс төрчид хаалттай уулзалтын үеэр сонсгож байжээ. Тэдний нэг нь бичлэгийг гадагш задруулсан юм байна.
Нэгэнт задарсан 17 минутын урт бичлэгийг Хун Сен сүүлд Фэйсбүүк хуудсандаа ил тавьсан юм.
Паетонтарн Шинаватра ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод дөнгөж арван сар болж байгаа. Түүний өмнөх ерөнхий сайд Сретта Тависинийг томилгоо хийхдээ хууль зөрчсөн шалтгаанаар Үндсэн Хуулийн Шүүх огцруулж байв.
Паетонтарны аав, мөн Тайландын ерөнхий сайд байсан Таксин Шинаватра 15 жил гадаадад дүрвэсний эцэст өнгөрсөн оны наймдугаар сард эх орондоо буцаж ирсэн юм.
Тэрбээр Тайландын түүхэнд хамгийн залуу, бас хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болж байв. Өмнөх эмэгтэй ерөнхий сайд нь түүний авга эгч Инглук Шинаватра юм.
Тайландын гадаад хэргийн яам Камбожийн элчин сайдад илгээсэн захидалдаа “хувийн утасны ярианы бичлэгийг задруулсанд” гүнээ харамсаж байгааг мэдэгджээ.
“Хоёр удирдагчийн итгэлцэл, хүндэтгэл нь улс орнуудын сайн хөршийн найрсаг харилцааны үндэс юм” гэж уг захидалд бичсэн байна.
Паетонтарн дахин Камбожийн удирдагчтай ганцаарчилсан яриа хэлэлцээ хийхгүйгээ амлажээ.
Тавдугаар сарын сүүлээр Тайланд, Камбож хоёр улсын маргаантай хилийн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр Камбожийн нэг цэрэг алагдсан юм.
Уг хилийн шугам нь Францын колоничлолын үед тогтоогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл маргаантай байдаг.
Дээрх мөргөлдөөний улмаас хоёр улсын харилцаа сүүлийн арав гаруй жилийн хугацааны хамгийн доод түвшиндээ хүртэл муудаад байгаа.
Тухайлбал Камбож улс Тайландаас жимс, хүнсний ногоо, цахилгаан эрчим хүч импортлохоо зогсоож, интернэтийн харилцан холболтоо тасалсан. Мөн Тайландын дэлгэцийн бүтээлүүдийг телевизээр болон кино театрт үзүүлэхийг хоригложээ.
Хилийн мөргөлдөөний улмаас хоёр улс харилцан хилээ хаасан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!