Тэрбумтан Илон Маскийн SpaceX компанийн зохион бүтээж буй аварга пуужин Starship өчигдөр туршилтын үеэр дараалан дөрөв дэх удаагаа дэлбэрлээ.
Техас муж дахь тус компанийн сансрын буудалд болсон хөөргөлтийн өмнөх хуваарьт туршилтын үеэр дэлбэрэлт болж, пуужин галд автсан байна.
SpaceX компанийн одоо ашигладаг Falcon пуужинг ирээдүйд залгамжлах энэ пуужин эхлээд саран дээр, эцэстээ Ангараг гараг дээр хүмүүсийг буулгах зорилготой.
Гэвч энэ онд явуулсан дөрвөн туршилт бүгд бүтэлгүйтэж байна.
Тавдугаар сард Starship дэлхийн агаар мандлаас амжилттай гарсан ч туршилтын хиймэл дагуулуудаа тойрог замд оруулж чадаагүй бөгөөд дэлхий рүү буцах замдаа удирдлагагүй болж байв.
Дараа нь зохион байгуулсан өөр хоёр туршилт дэлбэрэлтээр өндөрлөсөн юм.
SpaceX бүтэлгүйтэл бүрээ алдаагаа засах, сайжруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж гэж тайлбарладаг.
Өчигдрийн туршилт “статик галын туршилт” буюу пуужин хөөрөхөөс өмнө суурин дээрээ байх үед хөдөлгүүрээс гарах галын хяналтыг турших зорилготой байсан гэнэ.
Илон Маск уг дэлбэрэлтийг “зүгээр л шалбархай төдий зүйл” гэж үл ойшоожээ. Түүний мэдээлснээр энэ нь ачааны хэсэгт байрласан даралтат азотын савнаас болсон байж магадгүй гэнэ.
“Хэрвээ ийм шалтгаанаар дэлбэрснийг цаашдын шалгалтаар баталбал уг хэсэгт анх удаа алдаа илэрсэн тохиолдол болно” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Starship пуужингийн өнгөрсөн оны туршилтууд энэ оныхтой харьцуулахад илүү сайн үр дүнтэй байсан юм. Тухайлбал пуужинг дахин ашиглах боломжтойг харуулж, дэлхийд буцахдаа босоо байрлалаар газардаж чадсан.
Илон Маск энэ он гарснаас хойш ихэнх хугацааг ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд ажиллаж өнгөрөөсөн нь SpaceX компанийн хувьцаа эзэмшигчдийн санааг зовоож байв.
NASA сансрын нисэгчдээ 2027 онд саран дээр буулгахаар төлөвлөж, үүндээ Starship пуужинг ашиглах гэж байгаа.
Маск энэ сарын эхээр Трампын засаг захиргаанаас гарахдаа ерөнхийлөгчтэй муудалцаад амжсан. Энэ үеэр Трамп түүний компаниудтай засгийн газрын байгуулсан гэрээнүүдийг цуцлахаар сүрдүүлж байв.
Одоо SpaceX компани NASA-гийн сансрын нисэгчдийг дэлхийн тойрог замд хүргэх ажлыг гүйцэтгэдэг. Энэ долоо хоногийн Даваа гарагт тус компанийн Falcon 9 пуужин амжилттай хөөрч, Starlink үйлчилгээний хорь гаруй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулсан байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!