Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эсрэг ажиллагаанд АНУ оролцох эсэхийг Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд АНУ оролцох эсэхийг ерөнхийлөгч Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийдэхийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл Трампын засаг захиргаа Ираны эрх баригчдад цөмийн зэвсэг бүтээх санаанаасаа татгалзахад хоёр долоо хоногийн хугацаа өгч байгаа бололтой.

“Өнгөрсөн хугацаанд АНУ болон Иран улсын хооронд зургаан ээлжийн яриа хэлэлцээ шууд болон шууд бус хэлбэрээр зохион байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хэлсэн нь асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх хүчин чармайлт хангалттай байсныг илэрхийлсэн хэрэг байв.

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд Израиль улсыг дэмжиж оролцох эсэх асуудал Трампын ойрын хүрээллийн дунд хагарал үүсгээд байгаа.

Тухайлбал Трампын “Америк Нэгдүгээрт” хөдөлгөөний нөлөө бүхий хүмүүсийн нэг Стив Бэннон үүнийг эрс эсэргүүцэж байна.

Тэрбээр Лхагва гарагт нэг хэлэлцүүлэгт оролцохдоо “Бид бас нэг Ирактай болох ёсгүй” гэж хэлжээ.

2003 онд эхэлж байсан Иракийн дайнд АНУ болон түүний холбоотнууд 4,700 орчим цэргээ алдсан юм.

“Израилчууд эхлүүлсэн зүйлээ өөрсдөө дуусгах ёстой” гэж Бэннон энэ үеэр хэлжээ.

Трампыг олон жил тууштай дэмжиж ирсэн Жоржиа мужийн хууль тогтоогч Маржори Тэйлор Грин, хэт барууны үзэлтэй улс төрийн тоймч Такер Карлсон нар мөн АНУ-ын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж байгаа.

Нөгөө талаас Бүгд Найрамдах намын олон улс төрч Ираны дэглэм цөмийн зэвсэгтэй болсон буюу болох гэж байж болзошгүй тул үүнийг ямар нэг аргаар зогсоох ёстой гэж үзэж байна.

Лхагва гарагт Сенатын зэвсэгт хүчний байнгын хорооны хуралдааны үеэр тэдний нэг Айова мужийн сенатор Жони Эрнст “Манай олон нийт 2023 оны аравдугаар сарын 7-нд Ираны дэмжлэгтэй террорист байгууллага болох Хамас бүлэглэлийн гарт 43 америк хүн амиа алдсаныг мэдээгүй байж магадгүй” гэж анхааруулжээ.

Бүгд Найрамдахчуудын хуваагдал болон Трампын хилийн чанад дахь дайнд оролцохоос татгалзах бодлогын талаар асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч ерөнхийлөгчийн “гайхалтай зөн совинд итгэх” хэрэгтэйг уриалж, түүнийг дипломат харилцааг илүүд үздэг ч бас “хүч чадлаа ашиглахаас айдаггүй” хүн гэж тодорхойлсон байна.

 

Эх сурвалж: Reuters