Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Би сайдын сэтэр авахын тулд юу ч хийсэн яах вэ, сайд л болж байвал гээд гүйж явдаг хямдхан улс төрч биш

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр байгуулагдсан Засгийн газарт Үндэсний эвсэл хамтарч, тэргүүн Н.Номтойбаяр шадар сайдаар томилогдоно гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Гэвч Ерөнхий сайд УИХ-д танхимын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа Н.Номтойбаярын оронд С.Амарсайханыг шадар сайдаар томилж буйгаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр яагаад Засгийн газарт хамтраагүй шалтгаанаа ubn.mn сайтын сэтгүүлчид тайлбарлажээ. Үүний хариултыг товчлон хүргэж байна.

Тэрбээр “Олон шалтгаан бий. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай Үндэсний эвсэлд Засгийн газрын хамтран бүрдүүлье гэдэг саналыг албан бичгээр өгсөн. Үүний дагуу уулзалт болсон.

Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэе гэдэг сэтгэлтэй байгаа нь таалагдсан. Энэ хүн ажиллаж чадах юм байна гэдэг итгэл үнэмшил УИХ-ын гишүүний хувьд төрсөн. Гэвч шадар сайдын түвшинд хамтарч ажиллая гэдэг саналаас татгалзсан.

Миний мэддэг, хийж чадах, гараас юм гарах тодорхой хэдэн чиглэл байдаг. Гэтэл үүнтэй маань нийцээгүй. Ямар ч тохиолдолд би сайдын сэтэр авах гэж юу ч хийсэн яах вэ, сайд л болж байвал гээд гүйж явдаг хямдхан улс төрч биш.

Ажил хэргийн хүрээнд тодорхой ажил хариуцлаа гэхэд үр дүн гарах ёстой. Би үүнийг л баримталсан.

Хоёрдугаарт, Г.Занданшатар Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш учраас улс төрийн эрх мэдэлгүй. Зүйрлэж хэлбэл, би нэгэн цагт мөн л улс төрийн эрх мэдэлгүй Ж.Эрдэнэбатын кабинетад ажиллаж байсан. Засгийн газрын тэргүүн улс төрийн мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад хүндрэлтэй байдаг. Монгол улс төр төдийлөн хөгжөөгүй, ёс зүйн хэм хэмжээ, сахилга батыг бусад хөгжилтэй орны улс төрчдийн жишигтэй харьцуулах юм бол хол хоцрогдсон. Энэ үүднээс Засгийн газар бол Ерөнхий сайдын өөрийнх нь хүсэн хүлээсэн кабинет биш. Эрх мэдэлгүйн зовлон тэр. Намын бодлого, янз бүрийн бүлэглэлийн шахаа гэх мэтчилэн. Засгийн газрын нэр бүхий гишүүд ийм байдлаар томилогдсон. Тэр нь надад таалагдаагүй. Миний тавих шаардлагад 100 хувь нийцээгүй учраас бусдад боломж олгох үүднээс болих шийдвэр гаргасан.

С.Амарсайхан сайд өөрийнхөө ажлыг надад өгье гэдэг саналаа өөрөө тавьсан. Би татгалзсан. Яагаад гэвэл шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд стандарт гэж маш чухал зүйл байгаа. Энэ эрх зүйн орчноо та өөрөө хий гэсэн. Мөн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хоршоо байдаг. Ний нуугүй хэлэхэд миний мэддэг ажил биш. Би үндэсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэл чиглэлийн л хүн. Тиймээс С.Амарсайхан сайдад “Та өөрөө энэ ажлаа хийгээд явах нь Монголын ирээдүйд дэмтэй” гэдэг хариу өгсөн.

Өмнөх Засгийн газарт ажиллаж байгаад одоо үргэлжлүүлж ажиллаж буй сайд нарын тухайд, улс төрч хүний баримтлах зарчим гэж байдаг. Тэр тусмаа өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан. Байж байхдаа Засгийн газрынхаа тэргүүнийг зайлуулахын төлөө ар хударгаар нь ажилласан зарчимгүй асуудал. Зөрчилдөөн байдаг өөрөө өргөдлөө өгөөд Засгийн газраасаа гараад, ил тод ажиллавал хүндэтгэлтэй хандана. Гэтэл ямар ч сайд тийм үг, үйлдэл гаргаагүй. Нүүрэн дээрээ хамгаална, дэмжинэ гэсэн атал ар хударгаар нь “түгжилддэг”. Энэ бол миний Засгийн газарт хамтраагүй нэг шалтгаан. Урвагчтай мөр зэрэгцэн сууна гэдэг хэцүү. Би тагнуулын офицер хүн. Тагнуулд хэнтэй хамт явах уу гэдгээ долоо битгий хэл дал хэмжиж шийддэг зарчимтай.

Хувь хүн болон улс төрчид тавигдах шаардлагыг орхиё гэж бодъё. Үнэхээр чадалтай байсан уу, сайн ажилласан уу гэвэл үгүй.

Яг үнэндээ би Г.Занданшатар Ерөнхий сайдыг өрөвдсөн" гэв.