Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн бахархал болсон ган үйлдвэрлэгчийг Японы компани худалдаж авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ган үйлдвэрлэгч US Steel компанийн 100 хувийн эзэмшлийг худалдаж авах гэрээг Японы Nippon Steel компани өчигдөр эцэслэн баталжээ.

US Steel бол нэг үе дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани, Америкийн хамгийн том компанид тооцогддог байв.

Анх 2023 оны арванхоёрдугаар сард Nippon Steel тус компанийн нэгж хувьцааг $55-аар тооцож, нийт $14.1 тэрбумаар худалдаж авах болсныг зарлаж байжээ.

Ингэхдээ компанийн нэрийг хэвээр үлдээж, төв офисыг нь Пенсильвани мужийн Питтсбургт үлдээхээ амлаж байв.

Гэвч АНУ-ын засаг захиргаа уг наймаанд хөндлөнгөөс оролцсоноор асуудал сунжирсан юм.

Эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр уг гэрээнд хориг тавьж байв.

Одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп тухайн үед үүнийг эсэргүүцэж байлаа.

Трамп ерөнхийлөгч болсны дараа Nippon Steel гэрээний нөхцөлүүдээ сайжруулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн шинэ санал танилцуулжээ.

Өнгөрсөн сард Трамп гэрээг зөвшөөрөх гэж байгаагаа мэдэгдэхдээ “Энэ бол худалдан авалт биш, хөрөнгө оруулалт юм. Nippon Steel зөвхөн хэсгийг нь эзэмших болно. Хяналт АНУ-ын талд үлдэнэ. Эс бөгөөс гэрээ байгуулагдахгүй” гэж хэлж байсан юм.

Дараа нь тэр уг гэрээ US Steel компанийн ажилчдад ашигтай болохыг амлаж байв.

US Steel бол АНУ-ын аж үйлдвэржилтийн хүчин чадлын бэлгэдэл болж байсан домогт компани юм.

1901 онд үүсгэн байгуулагдсаныхаа дараахан $1 тэрбумын зах зээлийн үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны компани болж байлаа.

Хорьдугаар зууны ихэнх үед US Steel нь АНУ-ын эдийн засгийн гол тулгуур болж байв.

Гэвч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш давамгайлал нь суларсаар өнөөдөр 14,000 ажилчинтай Америкийн дундаж ажил олгогч болжээ.

 

Эх сурвалж: CNN