Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чимид: Эм улиас долдугаар сарын 1-нийг хүртэл 10 гаруй хоног унгарилаа хаяна. Суурь харшлыг хөдөлгөх талтай

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод модны цагаан хөвөн буюу унгарил хийсэж, зарим хүний ам, хамрыг загатнуулж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэлийн холбогдох албаны болон мэргэжлийн хүмүүс өнөөдөр/2025.06.19/ мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь нь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна.

Нийт улиас модны 46.9 хувь нь буюу 18,232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.

Тухайлбал 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9,298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн.

Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг усаар шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна" гээд ААН, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриалав.

зураг
 

Модны цагаан хөвөн буюу унгарилын талаар Дендрологич, доктор, профессор Б.Чимид "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн зонхилох хувийг улиас мод эзэлдэг. Гурван зүйлийн улиас мод байдаг. Энэ цаг үед эм улиас үр буюу унгарилаа ялгаруулж байна.

Эм улиас зургаадугаар сарын дунд үеэс долдугаар сарын 1-н хүртэл 10 гаруй хоног унгарилаа хаяна.

Шинжлэх ухаан талаас нь авч үзвэл унгарил нь эм улиасны үр бөгөөд ямар ч харшил өгөхгүй. Харин суурь харшилтай хүмүүсийг харшлуулах тал бий. Унгарил нь хийсдэг, новширдог байгалийн биологийн процесс.

1930-аад оноос ногоон байгууламжийн 90 орчим хувь нь улиас байсан. Тэр үед ч унгарилаа хаядаг байсан.

Сүүлийн үед улиасны тоог цөөрүүлж нарс, шилүүс, гацуур модыг тарьж эхэлсэн. Үүнээс гадна эм улиасыг цөөрүүлэх, хэлбэржүүлэх зэргээр унгарилыг багасгах арга хэмжээг авч байгаа юм. 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн, тусгай зориулалтын, хязгаарт хэрэгцээний гэж гурав ангилдаг. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хот, дүүргүүд хариуцаж, арчилдаг.

Албан байгууллага, том хотхонуудын үүдэнд сүглэгэр эм улиаснууд үрээ хаяж байгаа. Эдгээр модны арчлалтыг тухайн байгууллага, хотхон хариуцах ёстой. Нийслэлээс очиж арчлалтыг хийж өгөхгүй. Өөрсдөө экологийн боловсролоо дээшлүүлж, орчноо сайхан болгохын төлөө ажиллах хэрэгтэй" хэмээн ярилаа.

Модны цагаан хөвөн буюу унгарил нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг байна. Иймд иргэн модны хөвөнг шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг усаар шүрших нь зөв арга болохыг нийслэлийн Онцгой байдлын байгууллагаас зөвлөв.