Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч Тоёота Корпорацын ерөнхийлөгч өнгөрсөн санхүүгийн жилд түүхэн дээд хэмжээний цалин хөлс авсныг өчигдөр тус компаниас гаргасан тайланд дурджээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Акио Тоёода өнгөрсөн онд 1.95 тэрбум иений ($13.5 сая) цалин хангамж авсан нь тус компанийн түүхэн дээд хэмжээг дөрөв дэх жилдээ дараалан эвдсэн, өмнөх жилээсээ 20 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Тоёота компани өнгөрсөн онд бүтээгдэхүүний чанартай холбоотой хэд хэдэн дуулианд нэр холбогдож байсан ч удирдлага нь ийм өндөр цалин хангамж авчээ.
Компанийн тайланд энэ талаар “Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын цалинг тухайн үүссэн асуудалд хариуцлага тооцох үүднээс бууруулсан” гэж тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл хариуцлага тооцож, бууруулаад байгаа нь энэ ажээ.
Гүйцэтгэх захирал Кожи Сато 826 сая иений ($5.7 сая) цалин хангамж авсан бол өнгөрсөн оны зургаадугаар сарын 12-нд хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа огцорсон дэд ерөнхийлөгч Шигэрү Хаяакава 365 сая иений ($2.5 сая) урамшуулал авсан юм байна.
Япон улсын компаниуд 100 сая иенээс дээш цалин хангамжтай удирдах албан тушаалтнуудынхаа мэдээллийг нийтэд ил тод зарлах үүрэгтэй байдаг.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!