Төрийн тэргүүн өөрийнх нь хэлсэнчлэн хангалттай удаан ажиглаж байгаад гарч ирлээ. Тэр яг л өмнөх жишээнүүд шигээ цагийг нь олж байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг парламентаар хэлэлцэн шөнө хугасалж байтал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцох болсныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.
Ийнхүү "Еэвэнгийн нөгөө тал нь энэ байна" гэдэг шиг Ерөнхий сайдын эргэж буцсан, эв хав, утга дараалалгүй сунжирсан ярианаас залхаад байсан олон нийт болоод парламентын гишүүдийг Ерөнхийлөгчийн товч, тодорхой байр суурь сэргээлээ. Хамгийн гол нь тэрбээр аль талд байгаагаа маш ойлгомжтой илэрхийллээ.
40 гаруй гишүүний асуултад хариулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс Ерөнхийлөгч түүнийг дэмжихээ больсон, тэрбээр өөрийн дураар танхимаа бүрдүүлж чадаагүй, Ерөнхийлөгчтэй таарамжгүй харилцаатай болсон нь хувь хүний бус тогтолцооноос болсон гэж үзэж байгаа, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох ёстой зэрэг байр суурь ойлгогдсон. Хамгийн гол мессэж болох засаглалын хямрал руу орох нөхцөл байдлыг Ерөнхийлөгч бий болгож байна гэдэг агуулгыг түүний олон дахин давтаж, бөөрөнхийлсөн хариултаас ойлгож болохоор байгаа юм.
Харин Ерөнхийлөгч парламентын засаглалыг дэмжсээр байх болно, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумигдсан, Ерөнхий сайдыг огцрох хүртэл дарамтлаагүй, ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай яриа хаанаас гараад байгааг мэдэхгүй, өөрөө дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй, Төрийн ордны гадна жагсаж буй залуусын үгийг сонс гэж захирах анхааруулахыг хослуулан хэллээ.
Ийнхүү олон нийтийн дунд таамаг, хардлага төдий яригдаж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын түнжин хагарал энэ шөнө ил болов.
Төрийн тэргүүн парламентын гишүүдэд хандаж "Ард түмнээ битгий шар махтай нь хатаагаад бай. Асуудлаа шийд. Ард түмний хүссэнийг биелүүлэхгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй байна шүү" хэмээсэн нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудалд УИХ ямар шийдвэр гаргахыг бараг л хэлээд өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!