Оросын шатарчин Роман Шогджиев хамгийн залуу шатрын олон улсын мастер (IM) цолын болзол хангажээ. Тэрбээр Сербийн Белград хотод болсон "Radnicki Chess" тэмцээнд 9 өргөөс 7 оноо авчээ. Энэ тэмцээнд 5 хожиж, 4 тэнцсэн залуу шатарчин эр олон улсын мастер цолын гурав дахь нормыг биелүүлснээр 10 нас, 3 сар, 21 хоногтойдоо цол ахилаа.
Мөн тус тэмцээнд 7 оноогоор түрүүлсэн юм.
Түүнээс өмнө Аргентины шатарчин Фаустино Оро 10 нас, 8 сартайдаа олон улсын мастер болсон амжилтаар рекорд тогтоож байв.
Бүгд найрамдах Халимаг Улсын нийслэл Элст хотод мэндэлсэн ч хожим гэр бүлийн хамтаар Москвад амьдрах болсон Роман 2024 оны арванхоёрдугаар сард Сербийн Белград хотод их мастер Бранко Дамляновичтой 11 өргийн дараа тэнцсэн. Ингэснээр 10 нас хүрэхээсээ өмнө олон улсын мастер цолын эхний норм биелүүлээд зогсохгүй чансааны 2,300 оноотой болж байв.
Энэ сарын 6-нд Бакугийн нээлттэй тэмцээнээр тэр хоёр дахь нормоо биелүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!