АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын төрсөн нутагт нь босгосон хүрэл хөшөө хулгайд алдагджээ.
Биеийн бодит хэмжээтэй энэ хөшөөг 2020 онд тэргүүн хатагтайн төрөлх тосгон Севницад өмнө нь байсан модон хөшөөг шатсаны дараа орлуулан босгосон юм.
“Тавдугаар сарын 13-ны өдөр хулгайн талаар мэдээлэл авсан даруйдаа цагдаа нар очиж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн” гэж Словенийн цагдаагийн байгууллагын төлөөлөгч Аленка Дреник Рангус өчигдөр мэдээлжээ.
Хулгайч хөшөөг шагайгаар нь тастан авч явсан байсан гэнэ.
Хөшөөг урласан Америкийн концепц барималч Брэд Дауни “Дональд Трамп дахин сонгогдсонтой холбоотой ийм зүйл болсон байж магадгүй гэсэн мэдрэмж надад төрж байна. Гэхдээ хэн мэдэх вэ?” гэж болсон явдлын талаар ярьжээ. Тэр одоо Германд шинэ төсөл дээр ажиллаж байгаа юм байна.
Меланиаг анх тэргүүн хатагтай болоход нутгийн уран бүтээлч Алеш Зупевич цахилгаан хөрөөгөөр бүтээсэн түүний модон хөшөөг Севницад босгож байжээ.
Уг хөшөө галд шатсаны дараа Дауни хүрэл хувилбараар нь орлуулж байсан юм.
Нутгийн уугуул бүсгүй Меланиа Трамп анх тэргүүн хатагтай болоход хоёр сая гаруй хүн амтай Словенийн иргэд АНУ-ын ерөнхийлөгч улс оронд нь айлчлан ирж магадгүй гэж хүлээдэг болсон байна.
Нийслэл Любляна хотоос зүүн зүгт 90 км зайд оршдог Севница тосгонд тэргүүн хатагтайн нэртэй бялуу, шоколад зэрэг хэд хэдэн брэнд бүтээгдэхүүн байдаг ажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|