Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагуудад зориулсан сургалт зохион байгуулагдлаа

ikon.mn
2025 оны 5 сарын 6
ikon.mn
Зураг зураг

Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023–2026 оны хооронд хэрэгжүүлж байна. 

Төсөлд оролцогч хот болон орон нутгийн нийт 15 байгууллагын чадавхыг сайжруулж, бэхжүүлэх зорилготой модуль сургалтуудыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын удирдлагууд “ТББ-уудын засаглал ба удирдлага” сэдвийн хүрээнд ашгийн бус байгууллагын засаглал гэж юу болох, засаглал байгууллагын хөгжилд ямар ач холбогдолтой болох, байгууллагын түвшинд сайн засаглалыг хэрхэн сайжруулж бэхжүүлэх тухай суралцаж байна.  

зураг
 

Мөн энэ удаагийн цугларалтаар оролцогч байгууллагууд 2024 онд өөрсдийн санаачилж хэрэгжүүлсэн төслүүдийнхээ үр дүн, туршлагаас хуваалцсан юм. 

Өнгөрсөн удаагийн “Төсөл хэрхэн бичиж, хэрэгжүүлэх вэ” сургалтын үр дүнд байгууллагууд гурван багт хуваагдаж, өөр өөрийн онцлог хэв шинжийг тусгасан бичил төслүүдийг хамтран хэрэгжүүлсэн. 

зураг
 
зураг
 

“Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо” ТББ, “Эрт оролцоо цогц хөгжил” ТББ, “Нэг ч иргэнийг ардаа орхихгүй” ТББ, “Амжилтын гэгээн од” ТББ нар хамтран “Эцэг эх, хүүхдийн зуслан” бичил төслийг 6-15 насны 20 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дунд Гачуурт тосгонд байрлах Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбооны сургалтын байранд хэрэгжүүллээ. Бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүдийг монтессори хөтөлбөртэй урлаг, спортоор дамжуулан ялгаатай байдлыг таньж мэдэх боломж олгож, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн тус зусланг хоёр ээлжээр зохион байгуулсан. 

Төслийн хүрээнд “Бүтээлч гар ӨВ” ТББ, “Хөгжлийн туслалцаа төв” ТББ, “Гэрэлт Андаган” ТББ, “Дархан-Уул аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ нар хамтран “Боломж дүүрэн амьдрал” медиа төслийг боловсруулан Өвөрхангай, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод зураг авалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил, амьдралын онцлогийг харуулсан баримтат контент бүтээжээ. Энэхүү бүтээл нь олон нийтэд бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлж, хүртээмжтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо хүргэхийг зорьсон юм. 

зураг
 

Гурав дахь төслийн баг орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж болон эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах, нийгмийн амьдралд оролцоотой болгох, улмаар эрхийн чиглэлээр орон нутагт нөлөөлөгчдийг бий болгоход чиглэсэн “Саппорт” төслийг Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж эхлэв.

зураг
 
зураг
 
зураг