Хятад улсын нар, салхины үүсгүүрийн нийт хүчин чадал анх удаа нүүрсний үүсгүүрийн хүчин чадлаас давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын нар, салхины үүсгүүрүүдийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал анх удаа нүүрсний үүсгүүрүүдийн хүчин чадлаас давсныг тус улсын мэргэжлийн байгууллага зарлажээ.

Дэлхийн хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгчид тооцогддог тус улс 2030 онд нүүрсхүчлийн ялгаруулалтын хэмжээгээ тогтоон барьж, 2060 он гэхэд саармагжуулах (ялгаруулалт болон шингээлтээ тэнцүүлэх) амлалт авсан байдаг.

Өнгөрсөн онд Хятад улсын нийт эрчим хүчний 60 хувь нь нүүрсний станцуудаар үйлдвэрлэгдэж байсан ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийн бусад бүх улс орнуудынхыг нийлүүлснээс хоёр дахин их байжээ.

Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нар, салхины үүсгүүрүүдийн эрчим хүчний багтаамж нь анх удаа нүүрснийхийг давсан байна.

“2025 оны эхний улиралд Хятад улсад шинээр суурилагдсан салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 74.33 сая киловатт болж, нийт суурилагдсан хүчин чадал 1.482 тэрбум киловатт боллоо” гэж тус улсын үндэсний эрчим хүчний байгууллага мэдээлжээ.

Харьцуулбал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хэмжээ 1.451 тэрбум киловатт байсан байна.

Саяхан Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин илтгэлдээ “Олон улсын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн манай улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлт удаашрахгүй” гэж мэдэгдсэн юм.

Нөгөө талд Трампын засаг захиргаа дэлхийн хоёр дахь том хүлэмжийн хий үйлдвэрлэгч АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргаж, малтмал түлшний ашиглалтыг өргөжүүлэх арга хэмжээ авч эхлээд байгаа нь үүний эсрэг үзэгдэл болж байна.

Өнгөрсөн онд Хятад улс 357 гигаватт салхи, нарны эх үүсгүүр шинээр суурилуулсан нь тус улсын хувьд дээд амжилт болсон бол АНУ-ын суурилуулалтаас 10 дахин өндөр үзүүлэлт болж байв.

Бээжингийн эрх баригчид анх 2030 он гэхэд нар, салхины суурилагдсан багтаамжаа 1,200 гигаваттад хүргэх зорилт тавьж байсан нь ийнхүү зургаан жилийн өмнө биелж байна.

Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний нийт хэрэглээ 4.3 хувиар өсжээ.

Гэхдээ нөгөө талаар нүүрсний эрчим хүч үйлдвэрлэл Хятад улсад бас нэмэгдсээр байна.

2024 онд нийт 94.5 гигаваттын нүүрсний станцын төслүүд тус улсад шинээр эхэлсэн нь дэлхий дахинд эхэлсэн ижил төслүүдийн 93 хувь болсныг Финландын CREA (Centre for Reaearch on Energy and Clean Air), АНУ-ын GEM (Global Energy Monitor) байгууллагуудын хамтран гаргасан тайланд дурдсан байна.

2020 онд Хятадын нүүрс олборлолтын хэмжээ 3.9 тэрбум тонн байсан бол 2024 онд 4.8 тэрбум тонн болон өсжээ.

Ши Жиньпин нүүрсний эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээг 2026-2030 оны хооронд шат дараатай бууруулахаа амласан юм.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг