Эдийн засгийн хэмжээгээр Калифорни муж Япон улсыг гүйцэж, дэлхийд дөрөвдүгээр жагсах болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом

АНУ-ын хамгийн олон хүн амтай муж Калифорнийн эдийн засгийн хэмжээ Японыхыг гүйцэж, дэлхийн улс орнуудын дөрөвдүгээрт жагсах болсныг тус мужийн захирагч Гэвин Ньюсом өчигдөр зарлажээ.

Олон Улсын Валютын Сангийн сүүлийн тайландаа Калифорнийн дотоодын нийт бүтээгдэхүүний номинал хэмжээ $4.1 их наядад хүрснийг мэдээлсэн юм.

Харьцуулбал Япон улсын энэ үзүүлэлт $4.02 их наяд байна.

Ингэснээр Калифорни мужийн өмнө зөвхөн $29.18 их наядтай АНУ, $18.74 их наядтай Хятад улс, $4.65 их наядтай Герман улс жагсаж байгаа юм.

“Алтан муж” гэгддэг Калифорнид АНУ-ын технологийн болон энтертайнмэнтын салбарууд төвлөрдөг.

40 орчим сая хүн амтай энэ муж бас АНУ-ын аж үйлдвэрийн нэг том төв, хөдөө аж ахуйн хамгийн том үйлдвэрлэгч болдог юм.

“Калифорни муж дэлхийтэй хөл нийлүүлээд зогсохгүй, хөгжлийн хурдыг тогтоож байна. Бид хүмүүст хөрөнгө оруулж, тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж, инновацын хүчинд итгэдэг учраас манай эдийн засаг хөгжиж байгаа юм” гэж Ньюсом мэдэгджээ.

2024 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 5.3 хувь, Хятадынх 2.6 хувь, Германых 2.9 хувь байсан бол Калифорни мужийн өсөлт 6 хувь байсан байна.

Зургаан жилийн өмнө тус муж Их Британийг гүйцэж, дэлхийн тав дахь том эдийн засаг болж байсан юм.

Гэсэн хэдий ч Трампын засаг захиргааны бодлого, үйл ажиллагаа мужийнх нь эдийн засагт аюул учруулж буйг Ньюсом анхааруулжээ.

“Бид энэ амжилтаа тэмдэглэхийн зэрэгцээ одоогийн холбооны засгийн газрын учир утгагүй тарифын бодлого манай ахиц дэвшилд заналхийлж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Калифорнийн эдийн засаг улс үндэстнээ хүчирхэгжүүлдэг бөгөөд үүнийг бид хамгаалах ёстой юм” гэж тэр хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын мужуудаас анх удаа Калифорни тарифын бодлоготой нь холбогдуулан Трампын засаг захиргааг шүүхэд өгсөн юм.

Энэ долоо хоногт өөр арав гаруй муж бас шүүхэд хандаад байгаа.

Калифорнийн эдийн засагт Трампын бодлого, үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж эхэлсэн нь харагдах болсон.

Тухайлбал энэ оны хоёрдугаар сард тус мужид Канад улсаас ирдэг жуулчдын оруулдаг орлого жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 12 хувиар буурсан байна. Энэ нь Канадыг 51 дэх мужаа болгох Трампын сүрдүүлгээс үүдэлтэй хоёр улсын харилцаа муудсаны үр дүн юм.

Үүний хариуд Калифорнийн захиргаа Канадын жуулчдыг татах шинэ арга хэмжээнүүд авч эхэлжээ. Тухайлбал тус мужийн нэг хот төвийн гудамж талбайнууддаа Канадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжсэн утгатай уриа бүхий самбаруудыг олноор байрлуулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа