ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Эрчим хүчний салбарын 2013 оны ажлын үр дүнгийнхээ тайланг Ерөнхийлөгч Владмир Путинд танилцуулжээ.
Өнгөрөгч онд тус улсын газрын тосны олборлолт 523,2 сая тоннд хүрч, 1990 оноос хойшхи дээд амжилтаа тогтоожээ.
Байгалийн хийн олборлолт 668 тэрбум шоо.метр буюу өмнөх жилээс 2.0 хувиар өсч, экспорт 10,4 хувиар нэмэгдэн, 205,6 тэрбум шоо.метр болсон байна. Харин эрчим хүчний гол түүхий эд болох нүүрсний хувьд олборлолт 0,78 хувиар буурч, 352 сая тоннд хүрчээ.
Дотоодын зах зээлд 178 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн оноос 5,1 хувиар буурсан үзүүлэлт боловч экспорт 12,9 хувиар өсч, 142,9 сая тонн болсон байна. Хэрэглээний хувьд коксжих нүүрс нэг сая тонноор нэмэгдсэн бол эрчим хүчний нүүрс 10 сая тонноор буурчээ.
2014 онд Оросын нүүрсний нийт олборлолт 8,3 сая тонноор нэмэгдэнэ гэсэн таамаглалыг Эрчим хүчний яам тооцож гаргаад байна.
Үүний тулд Сибирь, Алс Дорнодын бүс нутаг дахь нүүрсний шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар тайланд дурдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!