Артерийн судсан дахь цусны даралт ихсэхийг даралт ихсэх гэж хэлдэг. Зүгээр нэг даралт ихсэхээс гадна венийн судсан дахь даралт ч ихсэх тохиолдол бий. Энэ нь ямар нэг өвчин биш, харин бусад олон төрлийн өвчнүүд биед байгаагийн илрэл гэж ойлгох хэрэгтэй.
Бөөрний олон төрлийн өвчнүүдийн үед, тухайлбал нефрит, пиелонефритын үед артерийн даралт нэмэгддэг. Бөөрний булчирхайн хоргүй хавдрын үед маш их дааврууд буюу адреналин болон норадреналин ялгардаг. Эрүүл хүний хувьд эдгээр дааврууд нь сэтгэл зүйн болон биеийн хүчний ачаалал, хямралын улмаас цусны даралт ихсэх үед түүнийг тогворжуулах үүрэгтэйгээр ялгардаг юм.
Ер нь цусны даралт нэмэгдэхэд хүргэдэг нийт 20 гаруй төрлийн өвчин, эмгэг бий
Цусны даралт ихсэх өөр нэгэн шалтгаан бол бөөрний гол судасны нарийсалт байж болно. Шалтгаан нь ихэвчлэн судасны хана хатуурах байдаг. Энэ үед бөөрнөөс гарч байгаа цусанд их хэмжээний ренин гэж бодис ялгардаг. Энэ бодис нь эрүүл хүний хувьд цусны даралт унах буюу буурах үед түүнийг тогтворжуулах зорилготой ялгардаг бодис.
Харин нарийссан судсаар цус бага гүйж энэ үед бие организм энэхүү мэдээллийг цусны даралт унаж байна гэж хүлээн авснаар бөөрнөөс цусны даралтыг ихэсгэх зориулалттай бодис ихээр ялгарч улмаар цусны даралтыг ихэсгэдэг. Мөн үүнээс гадна төв мэдрэлийн систем гэмтэх (тархи хүчтэй доргих, тархины гадарга үрэвсэх, тархинд хавдар үүсэх гэх мэт), мэдрэлийн тогтолцооны өвчин тусах, бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжих, мөн архаг хордлогод орох үед даралт ихэснэ.
Ер нь цусны даралт нэмэгдэхэд хүргэдэг нийт 20 гаруй төрлийн өвчин, эмгэг бий. Одоогоор анагаах ухааны салбарт энэхүү өвчлөлийг дангаараа явагдаж байгаа өвчин биш харин хэд хэдэн өвчнүүдийн хавсарсан өвчин гэж үзэж байна. Тиймээс цусны даралт ихсэхэд дангаараа нөлөөлдөг ямар нэгэн хүчин зүйл байхгүй, маш олон хүчин зүйлийн улмаас энэхүү эмгэг үүсдэг гэж үзэж болно.
Мэдээллийг хамтран бэлтгэсэн: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!