"Хөрсний гэсэлтийн энэ үед 44 тонноос хэтэрсэн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох зохицуулалтыг хийж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам Тээврийн Яам (ЗТЯ)-наас цаг үеийн сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тодруулбал урин дулааны улирал ирж, газар гэсэж байгаатай холбоотойгоор нэг сарын хугацаанд 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох зохицуулалтыг танилцуулав. 

Бүх жин 44 тонн байна гэдэг нь тээврийн хэрэгсэл ба ачаа нийлсэн нийт жин гэдгийг хэлсэн юм. 

Авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой дээрх зохицуулалтын талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн захирал Д.Оюунболд дараах мэдээллийг өгөв. 

"Улаанбаатар хотыг тойрсон найман цэгт цахим төлбөр авах үйл ажиллагаа хэрэгжиж байна"

Тэрбээр "Хөлдөлт, гэсэлтийн энэ цаг үед авто зам, замын байгууламжийн өнгөн хэсэг гэсэж, ачаалал даах чадвар, бат бэхийн үзүүлэлт нь буурдаг.

Жил бүрийн

  • Гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-нд
  • Аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд хөлдөлт, гэсэлтийн үе тохиодог.

Энэ үед Зам Тээврийн Яам, түүний харьяа байгууллагууд цагдаагийн байгууллагатай хамтран Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндэсний стандарт болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг зохион байгуулдаг.

Хөлдөлт, гэсэлтийн үед авто замын өнгөн хэсэгт маш их чийг хуримтлагдсанаар эвдрэл, гэмтэл үүсэх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр зогсоох арга хэмжээг нэг сарын хугацаанд авч хэрэгжүүлж байна" гэв. 

"44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэлээр хяналт шалгалт үргэлжилж байгаа"

Мөн "Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 33 төлбөр авах цэгт энэхүү хяналт шалгалтыг 4-5 байгууллага хамтран зохион байгуулж буй. 

Тухайн төлбөр авах цэгүүд дээр тээврийн хэрэгслийн олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг төвлөрүүлэхээс гадна тээврийн хэрэгслийн бодит жинг хэмждэг тоног төхөөрөмжөөр жин, тонныг нь хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах чиглэлээр хяналт шалгалт үргэлжилж байгаа.

Төлбөр авах цэгүүд өнгөрсөн оноос цахим хэлбэрт шилжсэн.

Улаанбаатар хотыг тойрсон найман цэгт цахим төлбөр авах үйл ажиллагаа хэрэгжиж байна. Бусад орон нутгийн улсын чанартай авто замын 25 цэг дээр төлбөр авах үйл ажиллагааг уламжлалт аргаар буюу бэлэн мөнгөөр хураадаг. 

Эдгээр цэгт мөн адил тээврийн хэрэгслийн бүтэн жинг хэмждэг тоног төхөөрөмжөөр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа" гэлээ. 

"Хөрсний гэсэлтийн үе гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл сар гаруй үргэлжилдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд "Авто замын даац хэтрэх асуудлыг яагаад өдийд тавьдаг вэ гэвэл хөрсний гэсэлтийн үе гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл сар гаруй хугацаанд үргэлжилдэг.

Энэ үед авто замын даац хүлээж авах чадвар багасдаг. Тиймээс даацыг 44 тонн болгох нь стандарт хэмжээ. Энэ хэмжээндээ бариулах тал дээр арга хэмжээ авч байгаа.

Өчигдөр түлш, шатахуун тээвэрлэгчдийн холбооныхонтой уулзсан. Авто замын асуудал зөвхөн эвдрэл гэмтэлтэй холбоотой биш. Үүнээс гадна иргэдийн амь нас, ААН-ийн өөрсдийнх нь эд хөрөнгө эрсдэх магадлалтай.

Нүүрс тээвэрлэгчдийн холбооныхон Зам Тээврийн Яаманд ирж, өнөөдөр тодорхой албан шаардлагыг тавьсан. Яам болон холбогдох байгууллагууд хамтарсан хариуг өгөх болно.

Хууль, стандарт, дүрэм, журмуудыг батлуулахдаа иргэдийн саналыг авч, нэлээд боловсруулж хийдэг. Даац хэтрүүлсэнтэй холбоотой асуудалд иргэд, орон нутгийн удирдлагуудаас маш их санал ирж байна.

Явж байгаа тээврийн хэрэгслүүд бидний сая ярьсан 44 тоннын хэмжээнээс хэтэрч байсан. Үндсэндээ 100 гаруй тоннын жинтэй ачааг тээвэрлэж явж байна.

Бүх жин гэдэг нь тээврийн хэрэгсэл нь өөрөө ороод ачаатайгаа нийлээд 44 тонн байна гэсэн үг. 44 тонн гэдгийг өөрсдөө зохиочихсон юм биш олон улсын дүрэм журам стандартууд бий.

Эхний улирлын байдлаар манайх авто тээврийн чиглэлээр нийт 404 зөрчил илрүүлсэн. Үүнээс 380-аад зөрчил нь зөвлөн туслах үйлчилгээ буюу сануулах арга хэмжээг авдаг. Эхний улиралд 4.9 гаруй саяын төлбөр оногдуулсан байгаа" гэлээ.