АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Йемений зэвсэгт босогчдод агаарын цохилт өгөх нууц төлөвлөгөөгөө өөрт нь санамсаргүй алдсан тухай The Atlantic сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жэфри Голдбэрг өчигдөр мэдээлжээ.
Пентагоны тэргүүн Пит Хэгсэт, үндэсний тагнуулын албаны захирал Тулси Габбард, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг өндөр албан тушаалтнуудын хоорондоо харилцдаг Signal мессэнжэрийн группт Голдбэрг санамсаргүй тохиолдлоор нэмэгдсэн нь ийм ноцтой алдаа гарахад хүргэсэн юм байна.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцын урилгаар Голдбэрг тус группт нэмэгдэж байжээ.
Гуравдугаар сарын 15-ны өдөр Голдбэрг дээрх төлөвлөгөөг хүлээж авсан бөгөөд үүнээс хойш хоёр цагийн дараа АНУ-ын зэвсэгт хүчин Йемен дэх Хусит босогчдын байрлалуудад агаараас довтолж эхэлсэн байна.
Нууц төлөвлөгөө алдагдсан талаар сэтгүүлчид ерөнхийлөгч Дональд Трампаас тодруулахад “Би энэ талаар огт мэдээгүй. The Atlantic сэтгүүл гэж байдгийг ч би мэдэхгүй. Та нараас л анх удаа сонслоо” гэж хариулжээ.
Сүүлд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт энэ асуудлаар “Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц болон бусад багийнхандаа маш их итгэдэг хэвээр байгаа” гэж мэдэгдсэн байна.
Signal мессэнжэр нь нууцлалын түвшин бага, кибер халдлагад өртөх боломжтой харилцааны хэрэгсэл юм.
Дөнгөж өнгөрсөн Баасан гарагт Пентагоны байранд тэрбумтан Илон Маск зочлохдоо АНУ-ын үндэсний аюулгүй байдлын нууц мэдээлэл авах гэж байгаа талаар Нью Йорк Таймс сонин мэдээлж байв.
Үүний дараа батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт дотроосоо мэдээлэл задруулсан ажилтныг хайж олох мөрдлөгийг эхлүүлсэн юм.
Цохилтын нууц төлөвлөгөөг сайд яагаад найдваргүй чат группт байрлуулсан талаар Хэгсэтийн хэвлэлийн төлөөлөгч Шон Парнеллаас асуухад хариулаагүй байна.
Ардчилсан намын хууль тогтоогчид мэдээллийн нууцлалыг хангаж чадаагүй, хариуцлага алдсан Трампын өндөр албан тушаалтнуудыг шүүмжилцгээжээ.
Тухайлбал Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер уг асуудлыг мөрдөн шалгахыг уриалсан юм.
“Энэ бол маш урт хугацаанд яригдаж байгаа цэргийн тагнуулын албаныхны олон зөрчлүүдийн нэг. Үүнийг заавал мөрдөж шалгах ёстой” гэж тэр чуулганы хуралдааны үеэр хэлжээ.
Сенатын зэвсэгт хүчний байнгын хорооны дарга, Род Айлэндын сенатор Жэк Рид “Хэрвээ үнэн бол энэ нь миний харж байсан хамгийн ноцтой, эрүүл ухаанд багтамгүй алдаануудын нэг юм. Трампын танхимын гишүүдийн хайхрамжгүй байдал нь гайхмаар бөгөөд маш аюултай байна. Би түүний засаг захиргаанаас хариулт шаардах болно” гэж хэлсэн байна.
Конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын байнгын хорооны гишүүн Жим Химс “Хэрвээ доод албан тушаалтан ийм алдаа гаргасан бол эрх чөлөөгөө алдаж, шалгагдах магадлалтай. Америкийн ард түмэн энэ асуудлаар тайлбар шаардах ёстой” гэж хэлжээ.
Байдены засаг захиргааны үед Цагаан ордны ажилтнуудад Signal мессэнжэрийг албаны гар утсандаа суулган ашиглахыг зөвшөөрч байсан гэнэ.
Гэхдээ нууц мэдээлэл солилцохыг хориглож, уулзалтын зар гэх мэт зөвхөн өдөр тутмын ажилтай холбоотой энгийн мэдээлэл солилцоход ашиглаж байжээ.
Энэ удаагийн шүүмжлэлд Пентагоны тэргүүн болохоосоо өмнө Fox News сувагт хөтлөгч байсан Пит Хэгсэт хамгийн их өртөж байна.
Иракийн дайны ахмад дайчин, сенатор Тамми Дакворт түүнийг “Байлдааны нууц төлөвлөгөөг групп чатад тавьснаараа тэр манай улсын түүхэнд төрсөн хамгийн чадваргүй батлан хамгаалахын сайд болохоо харууллаа” гэж сошиал хуудсандаа шүүмжлэн бичжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
81 СЭТГЭГДЭЛТЭЙ
|