Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны эргэн тойронд үүсээд байгаа санхүүгийн асуудлыг шалгах зорилгоор байгуулагдсан Түр хороо энэ сарын 11-нд болсон Зөвлөлийн хурлаар тайлангаа танилцуулаад дүрмийн дагуу татан буугдсан юм.
Холбооны зөвлөлийн гишүүд Түр хорооны хийсэн ажлыг САЙН гэж дүгнэсэн хэрнээ цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байдалтай үлдэв. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-д тус дүгнэлтийг орчуулаад илгээнэ гэхээс өөр дорвитой хариулт өгөөгүйг холбогдох хүмүүс нь хэлж байв.
Улмаар өчигдөр буюу энэ сарын 12-нд МХБХ-ны санхүүгийн асуудлаар иргэдэд нээлттэй сонсгол зохион байгууллаа.
Сонсголын эхэнд МХБХ-ны эмэгтэй дэд ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүн, Түр хорооны ахлагч И.Сарангэрэл "Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Түр хороо байгуулагдах тогтоол гарснаас хойш хурал зохион байгуулах, ажиллах нөхцөл боломжоор хангагдах хүсэлтээ хоёр удаа өгсөн. Үр дүнд нь нэгдүгээр сарын 27-ны өдөр эхний материалаа хүлээн авсан юм.
Гэхдээ бидэнд ингэж ажиллах боломж олдоогүй. Тодруулбал 2023, 2024 оны ГОЛОМТ банкны долларын гурав, төгрөгийн найман дансны хуулга байсан. Шаардлагатай холбогдох бичиг баримт дутуу байсан нь Түр хороог ажиллах нөхцөл бололцоогоор хангалттай хангаагүй гэсэн дүгнэлтээ танилцуулсан.
Холбооны санхүүгийн албанаас авсан дансны хуулга, гүйлгээний утга байгаа боловч харилцсан дансны мэдээллийг олж авах боломжгүй байсан тул ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Ганбаатарт хүсэлт тавьсан. Ингээд Зөвлөлийн хурал болохоос өмнөх өдөр нь шаардсан баримтаа авсныг цохон тэмдэглэе.
Түүнчлэн нэмэлт материал шаардсаны дагуу холбооноос
Гэхдээ дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, гарын үсэг дутуу, мөнгөн дүн нь алдаатай байсныг онцолъё. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус алдаатай буюу холбооны санхүүгийн гүйлгээ ямар ч хяналтгүй явж байсныг харуулж байна.
Эцэст нь Түр хороо бичиг баримтын бүрдүүлэлт дээр хяналтгүй ажилласан, санхүүгийн хүнд нөхцөлд тэвчиж болох зардлыг тэвчээгүй, нэмэлт орлогоор өрөө дарагдуулах боломжийг ашиглаагүй гэж үзсэн.
Ингээд зөвлөлийн хуралд
Шаардлагатай гэж үзвэл илүү мэргэжлийн хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэрийг зөвлөлийн гишүүдээр гаргаж, хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах,
Санхүүгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед шаардлагагүй тогтоолыг цуцалж, тэвчиж болох зардлыг тэвчих, маркетингийн нэмэлт орлогыг зөв зохистой зарцуулах бодлого хэрэгжүүлэхийг,
2019 оны Удирдах Зөвлөлөөр маркетингаар орлого орж ирвэл 10%-ыг нь авна гэдэг тогтоол гарсан байдаг. Энэ нь сүүлдээ ямар ч хяналтгүй явж ирснийг хийсэн гүйлгээний баримтууд нотолдог. Иймэрхүү асуудлыг энэ цаг үед цуцлаач ээ гэдэг шаардлага, дүгнэлтээ танилцуулсан" гэлээ.
Түүний дараа Түр хорооны гишүүн Д.Нанжид банкны гүйлгээнд хийсэн дүн шинжилгээг танилцуулсан. Тэрбээр "МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Т.Дагвадоржийн хэрэглээний төлбөр, урамшуулал, томилолт, маркетинг бусад үйл ажиллагааны зардал болон хамаарал бүхий хүнд нь зориулж 2023 оны долоодугаар сарын 26-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ныг дуустал хийсэн гүйлгээнд шинжилгээ хийсэн юм. Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул цалин, амралтын мөнгө болон онгоцны нислэгийн зарим тийзийн үнэ багтаагүй.
Т.Дагвадорж нь 2023 оны долоодугаар сарын 26-ны өдөр М.Болд ерөнхийлөгчийн туслахаар сар гаруйн хугацаанд ажилласан. Улмаар наймдугаар сард албан ёсоор ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
Манай түр хороо анх ажлаа хүлээн аваад холбооны ерөнхий нягтлан бодогчтой уулзах үеэр холбооны нэр дээр хэдэн данс байдгийг тодруулсан. Энэ үеэр Голомт банканд зургаан данс байдаг гэсэн ч шалгалтын явцад 10 данс байгааг тогтоосон юм. Түүнчлэн бусад банканд ч холбоотой данснууд байгааг илрүүлсэн.
Холбоо санхүүгийн хүнд нөхцөлд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн ч ерөнхий нарийн бичгийн дарга нь цалингаа цаг тухайд нь авдаг. Тэр ч бүү хэл нэг бус удаа цалингаа урьдчилж авсныг тогтоосон. Тодруулбал 2024 оны долоодугаар сард гэхэд дараа сарынхаа цалинг урьдчилж авсан байсан.
Дээрх зардлуудыг тооцолгүйгээр жил гаруйн хугацаанд Т.Дагвадоржид ₮222 сая гаруйг шилжүүлсэн байна. Үүнээс урамшуулал хэлбэрээр ₮48 сая, хамаарал бүхий хүнтэй холбоотой гүйлгээ ₮34 сая байгааг хөдөлшгүй баримтаар тогтоосон.
Түүнчлэн дата дүн шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Zeus Sports Marketing" олон улсын компаниас 2023 оны арваннэгдүгээр сараас эхлээд зургаан удаагийн давтамжтайгаар $122,085,00 орж ирсэн. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцож үзвэл ₮430 саяын орлого холбоонд орж ирсэн гэсэн үг.
Энэ мэдээллийг холбооны Удирдах зөвлөлийн гишүүд огт мэдээгүй. Тус байгууллагатай хийсэн гэрээ нь бидэнд олдоогүй. Харин холбооны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ""Zeus Sports Marketing" компанитай хамтран ажиллах гэрээний дагуу $700,000 гаруй орж ирсний 10 хувийг урамшуулал олгох" гэсэн утгатай тушаал бий.
Гэхдээ дээрх мөнгө бүрэн орж ирснийг нотлох баримт одоогоор алга. Харин дээрх компаниас ₮430 сая орж ирснийг бол баримтаар тогтоосон.
Т.Дагвадоржийн хувийн данс руу хэрэглээний төлбөрт нь ₮2.5 саяыг шилжүүлсэн. Үүнээс утасны төлбөрт ₮1.8 сая, машин угаалгад ₮100,000, бусад зардалд ₮595,000 шилжүүлсэн. Холбооны зүгээс зарим хүмүүсийн утасны төлбөрийг төлдөг. Эхлээд компани руу шууд шилжүүлдэг байсан бол сүүлдээ хувийн данс руу нь хийдэг болсон. Ингээд хэрэглээний төлбөр нь ₮80,000 - ₮100,000 шилжүүлдэг байсан бол сүүлдээ ₮300,000 болж өссөн байна.
Мөн гадаад, дотоод томилгооны зардал гэж хоёр хуваасан. Дотоод томилгоонд ₮4.2 сая, гадаад томилолтын зардалд ₮53 сая зарцуулсан. Энэ бол зөвхөн хувь хүний данс руу шилжүүлсэн мөнгөн дүн. Түүнээс биш холбооны зүгээс төлсөн нислэгийн тийз, зочид буудал болон бусад зардалд хэдийг зарцуулсан нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна хамаарал бүхий хүнтэй холбоотой зарлага нь ₮27.4 сая. Үүнийг задалбал маркетингийн зардалд ₮15.9 сая, ажил гүйцэтгэлийн гэрээ ₮11 сая, бэлэг дурсгалын төлбөрт ₮500,000 зарцуулсан. Гэхдээ яг ямар гэрээг үндэслээд ийм мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй.
Холбоо нислэгийн тийзийн асуудлаар өртэй гэсэн яриа байдаг. Үүнийг шалгах үүднээс холбооноос бичиг гаргуулаад тийз борлуулдаг дөрвөн компанитай холбогдоход
Эдгээрээс зөвхөн ₮91 саяын өртэй байгаа компанийнх нь жагсаалтаас үзэхэд Т.Дагвадорж гадагшаа томилолтоор дөрвөн удаа явахдаа ₮14 сая орчмоор тийз авсан бол өөрийн хамаарал бүхий, холбоонд ямар ч хамааралгүй хүнийг гурван удаагийн давтамжтайгаар ₮10 сая төгрөгийн нислэгийн тасалбар бичүүлсэн болохыг тогтоосон.
Үүнээс гадна маш их өндөр дүнтэй зээл авч, зээлийн хүү төлөв гэсэн утга бүхий гүйлгээ их бий. Жишээлбэл 2023 оны есдүгээр сарын 8-нд хувь хүнээс ₮100 саяын зээл аваад 2024 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл буюу ойролцоогоор дөрвөн сар хүрэхгүй хугацаанд тухайн хүний данс руу ₮191 саяыг шилжүүлсэн баримт байдаг. Зөвхөн зээлийн хүү нь ₮91 сая болсон гэж ойлгогдохоор иймэрхүү тодорхойгүй гүйлгээ их байна" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!