Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан Монгол бүсгүйн хэрэгт Малайзын хэвлэлүүд анхаарал хандуулж эхэллээ

Х.Сайхан
2014 оны 1 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Амиа алдсан Монгол бүсгүйн хэрэгт Малайзын хэвлэлүүд анхаарал хандуулж эхэллээ

Малайзад амиа алдсан 26 настай Б.Энхтуяа бүсгүйн хэргийг Малайзын цагдаагийн газар ирэх долоо хоногт хааж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. 

Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Малайзын хэвлэлүүд энэ хэргийн талаар мэдээлэл тавьж эхэлсэн байна. 

Тухайлбал, энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл өчигдөр The Malay Mail Online-д “Монгол оюутны үхэл секс боолчлолтой холбоотой” /Mongolian student's death linked to sex slavery/, malaysia-chronicle.com-д “Монголын бас нэгэн үзэсгэлэнт бүсгүй Малайзад амиа алдлаа - 26 настай оюутан охин хүнсний зах дотор амиа алдсан байхыг олжээ” /ANOTHER MONGOLIAN BEAUTY DEAD IN M'SIA: 26-yr-old student found hanged in wet market/ гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн байна. 

Түүнчлэн yahoo malaysia-д ч энэ хэргийг хүний наймаатай холбоотой байж магадгүй гэсэн өнцгийг гол болгон хөнджээ. 

Оюутан охины үхлийг аллага гэж үзэх ямар нэгэн баримт шинээр илэрсэн талаар дээрх материалуудад дурьдаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарал хандуулж эхлэх нь ямартай ч сайн хэрэг билээ. 

Монгол бүсгүй Ш.Алтантуяа Малайзад амиа алдсан хэрэг шүүхээр шийдэгдэхэд тус улсын сөрөг хүчний намууд, тэдний талд ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Эрх баригч нарын дарга, Ерөнхий сайд Нажиб Разак энэ хэрэгт холбогдож байсан учир тэд энэ хэргээр далимдуулан байр суурийг нь ганхуулахыг хичээж, улмаар дарагдаад өнгөрөх гэж байсан хэрэг шүүхээр шийдэгдсэн билээ. 

Гарсан шийдвэрт хүн бүх сэтгэл хангалуун үлдээгүй ч ямар ч байсан шүүх худлаа үнэн ч гэсэн буруутныг тогтоож ял оноосон. Тийм болохоор л энэ удаагийн хэргийг хэвлэлүүд хөндөж тавьсанд баярласан нь энэ. 

Дээр дурьдагдсан нийтлэлүүдэд Ш.Алтантуяагийн хэргийн талаар дурьдагдаж байгаа учир энэ хэрэг Малайзад хуучраагүй, олны анхаарлыг татсаар байгаа гэдгийг харуулна. 

Хэвлэлүүд хуулийн байгууллагад нөлөө үзүүлж, хэргийн үнэн мөнийг олох чармайлт гаргахад хүргээсэй гэж хүснэ. Малайзын тал хэргийн дүгнэлтийг гурван сарын дотор багтаан Монголын талд ирүүлэх ёстой. Энэ хугацаа дуусах болоогүй байгаа юм. 

М алайзын хэвлэлүүдэд гарсан мэдээллээс The Malay Mail Online-д гарсан “Монгол оюутны үхэл секс боолчлолтой холбоотой” /Mongolian student's death linked to sex slavery/ хэмээх анхаарал татсан гарчигтай материалыг орчуулан хүргэж байна. 

“Монгол оюутан амиа алдсан хэргийг шалгаж буй Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбох ямар нэгэн баримт олж чадалгүй гацаад байна. 

26 настай оюутан хүнсний Бехранг захад амиа хорлож нас барсан байдалтайгаар олдсон юм.

Түүний гар мөрөнд шарх үүссэн байсан. Гэвч Танджунг Малимын цагдаагийн газрын мөрдөн байцаагч Осман Наян талийгаачийн биед хүчирхийлэлд өртсөн гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй хэмээн өгүүлж байна. 

Тэрбээр “Монголын Цагдаагийн газар энэ хэргийг хүн худалдаалах гэмт хэрэг байх магадлалтай гэж үзээд Интерполд хүсэлт гаргасны дагуу энэ хэргийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй хэмээн шалгаж эхэлсэн” хэмээн ярьж байна. 

Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Танжунг Малимын цагдаагийн хэлтэст Интерполоос “Б.Энхтуяа амиа алдахаасаа өмнө Монголд байгаа төрсөн ах руугаа маш сэжигтэй үгтэй мессеж илгээсэн” талаар цахим захидал иржээ. 

Ах нь энэхүү захидлыг Улаанбаатар дахь Үндсэний төв товчоо /National Central Bureau/-нд өгч, дүү нь хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон байж магадгүй хэмээн өргөдөл гаргасан аж. 

“Бид талийгаачийг Куала Лумпурын Букит Бинтанг дахь массажны газар ажилладаг, мөн сурч байсан гэх коллеждоо нэг ч очоогүй, ямар ч холбоогүй болохыг тогтоосон” гэж Осман Наян өгүүлэв. 

Тэрбээр “Б.Энхтуяа анх арванхоёрдугаар сарын 5-ны өдөр фейсбүүкээр дамжуулан ахдаа “намайг хамт сурдаг байсан хоёр оюутан охин хуурчихлаа. Намайг эндээс явж чадахгүй болгохын тулд бичиг баримтыг минь авсан” гэсэн мэдээлэл өгсөн юм билээ. Монголын цагдаагийн байгууллагаас бидэнд энэ талаар мэдэгдсэн. Дараа нь тэрбээр “зарчихлаа” гэсэн мессеж ирүүлсэн ч чухам ямар хүмүүст гэдгээ бичээгүй байж” хэмээн ярьж байна. 

Талийгаач амиа алдахаасаа хоёр хоногийн өмнө “Би үхсэн. Би Централ пудуд байна. Намайг эд нар зарах гээд байна” гэсэн мессеж ах руугаа бичсэн байсан аж. Гэр бүлийнхэн нь түүнийг гэмт хэргийн золиос болсон гэдэгт итгэлтэй байгаа гэж Монголын Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд дурьдсан байсан гэдгийг ч Осман хэлсэн юм. 

Одоо цагдаагийн газар талийгаачийг Малайзад байх хугацаандаа барьж байсан гар утасны ярианы бичлэгийг шалгаж, хэргийн үнэн мөнийг тогтоохоор ажиллаж байна” гэжээ. 

Ямартай ч энэ хэрэг ингээд хаагдчихгүй, цагдаа нар гар утасны ярианы бичлэгийг шалгах зэргээр ажиллаж байгаа ажээ.

Зураг