Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баярцэцэг: Малайзын тал мэдээлэл өгөхдөө удаан байна

Д.Болормаа
2013 оны 12 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг

Ш.Алтантуяа, Б.Энхтуяа хэмээх хоёр монгол бүсгүй Малайз улсад оноод алтан амиа алдлаа.

Тэдний төлөө Монголын төр юу хийсэн бол. Цаашид юу хийх бол, Алтантуяагийн хэргийн ээдрээг тайлж амжаагүй байхад дахиад нэг монгол бүсгүй малайзчуудын гарт үрэгдэв. Энэ талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгтэй ярилцлаа.

-Монголын иргэн Б.Энхтуяа Малайзад амиа алдлаа. Түүнийг золгүй байдлаар амиа алдсан уу эсвэл бусдын гарт амь үрэгдэв үү гэдгийг нь танай яам болон салбар агентлагийнхан чинь олж тогтоов уу. Ар гэрийнхний хувьд та бүхнийг муу ажиллаж байгаа тухай хэлнэ лээ?

-Монгол Улсын нэгэн иргэн Малайзад амиа алдсан золгүй явдал боллоо. Эмэгтэй, эх хүнийхээ хувьд маш их харамсч байна.

Энэ хэргийн үнэн мөнийг тогтоохоор төрийн байгууллагууд тэр дундаа Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллага ажиллаж байна. Талийгаач 2012 оны дөрөвдүгээр сард Монгол Улсаас Малайз улс руу явсан юм билээ. Удалгүй “Охиноос маань сураг тасарлаа” гэх гомдлыг ар гэрийнхнээс нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн байдаг. 2012 оныхоо төгсгөлд гэсэн үг.

Түүнээс хойш удалгүй 2013 оны эхээр “Хүн худалдаалах хэрэг байж магадгүй юм байна” гээд Баянзүрх дүүргийн цагдаа хэргийн харъяалалаар нь Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Үүнийх нь дагуу эрүүгийхэн холбогдох арга хэмжээг авч, гүйцэтгэх тодорхой ажиллагаа хийсэн юм билээ.

Энэ ажиллагааг нь тухайн үедээ хэвлэл мэдээллээр цацах боломжгүй учраас өнөөдөр харахад юм хийгдээгүй мэт харагдаж байх шиг байна. Чиг үүргийнхээ дагуу ажиллагаа бол хийгдсэн. Тэгвэл өнөөдөр Хууль зүйн яам юу хийв.

Өнөөдөр /өчигдөр/ Хууль зүйн яамны санхүүгийн дэмжлэгээр ар гэрийнхэн нь Малайз улс руу явлаа. Мэдээж манай яамнаас англи хэлтэй мэргэжилтнээ томилоод хамтад нь явуулсан байгаа. МИАТ-ийнхан тэдний замын зардлын 50 хувийг хөнгөлсөн, Гадаад харилцааны яамнаас иргэдэд туслах сангаас тодорхой дэмжлэг үзүүлсэн гээд тал талын туслалцаатайгаар ар гэрийнхэн болон холбогдох хүмүүс нь явлаа.

Явсан хүмүүс хохирогчийн шарилыг авчрахаас гадна Малайзыг хариуцдаг Тайландын Элчин сайдтай уулзах, тэндэхийн цагдаа нартай уулзаж нэмэлт мэдээлэл авах болов уу гэж найдаж байна.

-Хэрэг гарснаас хойш багагүй өдрүүд өнгөрлөө. Энэ хэргийн талаар бодитой ямар мэдээлэл байна?

-Цагдаагийн байгууллагаас Интерполд хүсэлт явуулсан. “Ямар байдлаар үйлдэгдсэн хэрэг юм. Нэмэлт мэдээлэл өгөөч” гэж. Малайзийн цагдаагийн газраас маш товчхон мэдээлэл ирүүлсэн* Үүнийх нь хариуд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн өргөдөл явууллаа. Одоо хүсэлтийнхээ хариуг хүлээгээд сууж байна. Малайзийн тал бага зэрэг удаашралтай байгаа нь нууц биш.

-Зарим хэвлэлээр хохирогчийн хувь хүнийх нь талаар зөрүүтэй мэдээлэл гарч байх шиг байна. Хохирогч Малайзад ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Түүнийг нь тодорхойлох бололцоогүй. Ер нь хохирогчийн хувийн байдлаас болж буруутгах шалтгаан байхгүй. Хамгийн гол нь хохирогч. Бусдын гарт амиа алдсан уу эсвэл золгүй тохиолдлоор амь нас нь эрсэдлээ. Амь нас эрсэдсэн энэ асуудалд тухайн хүний хувийн байдал шаардлагагүй. Нэг зүйлийг тодруулж хэл эхэд, бүх зүйл Малайзын талаас хамааралтай болчихоод байна.

Манай цагдаа очиж байцаалт авах, мэдээлэл цуглуулах бололцоогүй. Малайзын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас Малайзийн цагдаа л эрүүгийн хэрэг үүсгэж, цугларсан мэдээллээ манайд ирүүлдэг тогтсон механизм бий. Түүний дагуу л Малайзын цагдаагийн газарт “Яаралтай мэдээлэл өгөөч” гэсэн хүсэлт хүргүүлээд байна.

-Цогцост нь задлан шинжилгээ хийсэн гэсэн үү. Манай талаас зөвшөөрөл авсан юм болов уу?

-Задлан шинжилгээ хийлээ гэсэн мэдээлэл албан ёсоор ирээгүй. Бодит байдлыг манайхаас явсан хүмүүс тогтоох байх. Ер нь Малайзад задлан шинжилгээ хийхэд ар гэрт нь мэдэгдэнэ гэсэн дүрэм байна уу гэдэг нь бас сонин. Монголчууд мэдэгддэг байхад Малайз мэдэгддэг эсэх нь тодорхойгүй байна. Энэ талын мэдээлэл түрүүн хэлсэнчлэн хоёр улсын цагдаа эсвэл Интерполоор дамжин ирэх учиртай.

-Малайз Монгол улс хоорондын эрх зүйн тусламж үзүүлэх харилцаа ямар шатанд байна. Өмнөх хэргээ тайлж чадаагүй байхад дахиад л ийм хэрэг гарчихлаа. Уг нь Ш.Алтантуяагийн хэргээс сургамж аваад хоёр улс харилцан тусламж үзүүлэх нөхцөл байдлаа сайжруулж болоогүй юм уу?

-Улс орнуудад эрүүгийн хэрэг дээр харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулдаг тогтсон механизм бий. Монгол Улс одоогоор 19 оронтой 24 гэрээ байгуулсан. Харамсалтай нь, Малайзтай гэрээ байгуулж амжаагүй байна.

-Шалтгаан нь юу бол?

-Малайзын талд манай улсын зүгээс энэ оны дөрөвдүгээр сард санал хүргүүлсэн. Гэрээнийхээ төслийг ч гэсэн өгсөн. Ялангуяа, эрүүгийн хэрэг дотроо ялтан шилжүүлэхэд анхаарах тухай санал хүргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх болон ялтан шилжүүлэх гэсэн хоёр тусдаа гэрээг манай зүгээс хүргүүлж нэлээд хүч чармайлт гаргаад явж байна.

Одоо зөвхөн Малайзын Талаас энэ бүх асуудал хамааралтай байгаа. Ер нь энэ ажил дипломат ажиллагаагаар хийгддэг асуудал. Мэдээж Малайз дахь монголчуудын асуудал хариуцаж байгаа Тайланд дахь Элчин сайдын яамныхан идэвх зүтгэл гаргаж ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.

Зүтгэл гаргах ч ёстой байгууллага. Нөгөө талаас Малайзад манай талын Консулын газар нээгдэх гэж байна. Энэ нь маш чухал. Консулын газар нээгдчихвэл Малайз улсын холбогдох газруудтай харилцаад гэрээний асуудлаа түргэтгэх байх боломжтой. Бидний гол зорилго гэвэл ирэх ондоо хоёр талын гэрээгээ эцэслэж чадвал соёрхон батлуулчих болов уу гэж найдаж байна.

Гэхдээ бүх асуудал Малайзаас хамаарч байгааг дахин дуулгая. Хоёр улсын дипломат харилцаанаас бас их хамаарч байна. Өмнөх хэргийн маань асуудал хоёр улсын харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлчихсөн учраас удаашрах, сунжрах хүндрэл үүсч магадгүй.

-Та бүхэн Б.Энхтуяагийн хэрэг дээр хүч чармайлт өгч ажиллаж байгаа гэлээ. Тэгвэл Ш.Алтантуяагийн хэрэгт яаж ажилласан юм бэ. Үр дүн нь гарав уу. Өнөөг хүртэл шийдэгдээгүй хэргийн нэг нь энэ шүү дээ?

-Ш . Алтантуяа хохирогчийн хувьд хэрэг нь олон жил болж байгаа ч гэсэн шийдэгдэж чадаагүй. Төрийн байгууллагууд тэр дундаа Гадаад харилцааны яамныхан үүнд анхаарал хандуулан ажиллаж байна. Анх энэ хэрэг гарахад Хууль зүйн яам чиг үүргийнхээ хувьд оролцоогүй.

Угаасаа Гадаад харилцааны яам тэр дундаа Консулын газрын үндсэн чиг үүрэг нь. Гэхдээ манай яамнаас ажлын хэсэгт нь оролцож, өмгөөлөгч сонгох, эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой асуудалд хамтран ажиллаад явж байна. Харин Хууль зүйн яам дангаараа Малайзад очоод хэрэгтэй нь танилцаад явах бололцоо байхгүй. Эрх зүйн туслалцааны гэрээ болон хамтын ажиллагааны эхлэл тавигдаагүй учраас тэр. Бид зөвхөн Интерполын шугамаар л хандаж байна.

-Хүн худалдаалах гэмт хэргийн хэдэн хохирогч байдаг бол. Мэдэгдсэн нь Б.Энхтуяа. Мэдэгдээгүй өөр олон бүсгүй дэлхийн олон оронд аврал эрээд сууж байх вий?

-Хүн худалдаалахын онцлог нь илэрдэггүй хэрэг. Анх энэ төрлийн хохирогч байсан бол сүүлдээ хэргийнхээ нэг хэсэг нь болоод явчихдаг. Тухайлбал, биеийг нь хүчээр үнэлүүлж байснаа “Чи Монголоос өөр нэг эмэгтэй авчрах юм бол чамайг явуулна” гэхчлэн схемдээ татан оролцуулаад байгаа нь хамгийн том асуудал. Миний дээр хэлсэн баримт нь албан ёсных биш шүү. Хохирогч болон холбогдогчийн зүгээс хэлдэг тайлбар.

Манай яаманд энэ төрлийн хэргийн хохирогчийн бодит тоо гардаггүй. Төрийн бус байгууллагууд бол тоо гаргасан байдаг. Энэ нь үнэн зөв эсэхийг нягтлах бас боломжгүй.

Ер нь цагдаад хүн худалдаалах хэргийн талаарх бодитой мэдээлэл ирэх нь бага. Тэр дундаа цагдаагаас прокурор, шүүх рүү явж байгаа хэрэг нь бага. Шүүхээс хүн худалдаалахаар зүйлчлэгдээд гарах нь бүр бага. Ингээд багасаад байгаа юм. Одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хуульд энэ талын дутагдалтай зүйл маш олон бий.

Тухайлбал, хүн худалдаалахыг зохион байгуулалттайгаар биеэ үнэлэхтэй хольж хутгаад байгаа юм. Тэгвэл тухайн улсад очоод биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд орсон бол яах вэ. Үүнийг нь тооцолгүйгээр “биеэ үнэлэгч” гэсэн статустай болгож улмаар биеэ үнэлэх гэмт хэрэг байна гэж үзээд байгаа юм.

-Хүн худалдаалах гэмт хэрэг гаарсан эрсдэлтэй орон нь аль вэ?

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой улсыг хоёр төрөлд ангилдаг. Хүлээн авагч улс. Нөгөөх нь илгээгч улс гэж. Монгол Улс илгээгч улс гэдэгт нь хамаардаг. Хүлээн авагч улсаар БНХАУ. Дараа нь Малайз. Дээрээс нь Макоа, Хонконг гээд бий.

-Хуульзүйн яам хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг ямар ажил хийж байна. Өнөөдөр гадаадад суралцуулна, ажиллуулна гэх нэрийдлээр олон байгууллага бий болсон байна. Үүний ард хүн худалдаалах гэмт хэрэг нуугдаж байгаа юм биш биз дээ. Үүнийг хянаж байгаа юу?

-Энэ яах аргагүй чухал асуудал болоод байна. Хэдэн иргэнийхээ амь насаар зольж байж энэ асуудал зогсох уу. Энэ бол маш том дохио. Төрийн байгууллага, цагдаа, иргэдийн хувьд ч том дохио боллоо. Хууль зүйн яамны үндсэн чиг үүрэг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Ялангуяа, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, хүн худалдаалах хэргийг багасгахын төлөө нэлээд олон санал санаачлага төлөвлөөд ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийг багасгах, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Дэд зөвлөл гэж бий. Энэ зөвлөлийг миний бие ахлаад явж байна. Энэ нь салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулна, Хүн худалдаалах гэмт хэрэг өөрөө их онцлогтой гэмт хэрэг. Далд үйлдэгддэг, хохирогч нь өөрөө мэддэггүй. Дээрээс нь гэмт хэргийн схемийг гаргаж илрүүлэхэд нэлээд их цаг хугацаа шаарддаг.

Өөрөөр хэлбэл, хохирогч болсныхоо дараа мэддэг. Мөн хил дамнан үйлдэгдэг гэмт хэрэг. Хил дамнаж байгаа учраас илрүүлж зогсооход хүндрэлтэй. Дэд зөвлөлд хил хамгаалах, эрүүгийн цагдаа, Боловсрол, шинжлэх ухаан болон Соёл, спорт, аялал жуулчлалын яам, хүүхдийн байгууллагын төлөөлөл хамтран ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн Хууль зүйн яам болоод цагдаагийн байгууллагын хийх ажил биш гэдэг утгаар нь салбар яамдыг оруулж байгаа юм.

Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яамныхан Малайз руу явдаг урт, богино хугацааны хэлний сургалт хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хөдөлмөрийн яам хохирогч болсон хүмүүст ажлын байраар хангах, нийгэмшүүлэхэд тодорхой ажил санаачилснаас эхлээд Гадаад харилцааны яам нутагт нь түргэн авчрахтай холбоотой зардал, сангийн зохицуулалттай холбоотой журмыг шинээр батлан гаргалаа.

Түүнчлэн хүүхдийн байгууллага, хил хамгаалах байгууллага хамтран хилээр гарсан насанд хүрээгүй охид бүрийн судалгааг гаргаж байна. Халамжийн төвөөс хэдэн хүүхэд гадагшаа гарав зэрэг нэгдсэн дүр зураг гаргах тогтолцоог эхлүүлээд явж байна. Энэ чухал арга хэмжээ юм.

-Цагдаагийн байгууллагын ажилтнууд хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр гадаадын орнуудад ажиллаад ирсэн гэсэн. Танд энэ мэдээлэл өгөв үү?

-Эрээнд 200 гаруй эмэгтэй биеэ үнэлэгч байдлаар ажиллаж байна. Бээжинд 300 орчим бий гэсэн урьдчилсан тооцоо байна лээ. Үүнийг Думаа, Дулмаа гэдгээр нь ялгаад хилээр хэзээ гарсан, сэжигтэй зүйл байна уу гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хүн худалдаалах хэргийн хохирогч болсон шинж тэмдэг байна уу гэдгээр нь ялгаж шаардлагатай бол эх оронд эргүүлэн авчрах дараа, дараагийн арга хэмжээг авах ёстой.

Зураг