Уншиж байна ...

Сингапур бүсгүй заяаны ханийг нь олж өгсөн хүнд мөнгөн шагнал амлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын Чэнду хотын уугуул, Сингапурын иргэн эмэгтэй саяхан Инстаграм хуудсандаа (@bellzdai) нэгэн өвөрмөц зарыг нийтэлжээ.

Белла Дай гэх нэртэй, 29 настай энэ бүсгүй заяаны ханьтай нь танилцуулсан хүнд 2,000 сингапур долларын ($1,500) шагнал өгөхөө амласан байна.

Тэрбээр танилцах хүндээ тавигдах шаардлагыг “25-42 настай, Сингапурт амьдардаг, эсрэг хүйстнээ сонирхдог, гарын ур дүйтэй, эрүүл мэнд, фитнесст анхаардаг, хэцүү сэдвээр ярилцах эр зоригтой, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор хийсвэр ертөнцийн талаар судлахад нээлттэй байх” зэргээр тоочжээ.

Танилцуулсан хүнтэй нь зургаан сараас урт хугацаанд тууштай харилцаа тогтоож чадвал мөнгөн шагналаа олгох нөхцөлийг бас дурдсан байна.

Дай өмнө нь үйлдвэрлэлийн дизайнераар ажиллаж байгаад одоо эрүүл мэндийн компаниа үүсгэн байгуулжээ. Тэрбээр нэг найзтайгаа ярилцаж байгаад танилцах хүнээ олохын тулд бизнесийн зарчмыг ашиглах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрснээ Сингапурын Страйтс Таймс сонинд ярьсан байна.

“Миний найзуудын хэн нь ч танилцах үйлчилгээнд ороогүй. Учир нь хүмүүсийн санаа бодлыг урьдчилан мэдэхэд ийм үйлчилгээнүүд тохиромжгүй гэж үзсэн. Хэрвээ би бүтээгдэхүүн байсан бол өөрийгөө хэрхэн зах зээлд гаргах вэ? Бараа бүтээгдэхүүн сурталчлахдаа бид мэдээллийг нь түлхүү өгдөг шүү дээ. Тиймээс би өөрийгөө хэн болохыг, хэнийг хайж байгаагаа тодорхой зарлахаар шийдсэн” гэж Дай ярьжээ.

15 настайгаасаа эхлэн Сингапурт амьдарсан тэрбээр хамгийн уртдаа нэг хүнтэй дөрвөн жил харилцаж байсан бөгөөд хамгийн сүүлийнх нь 2020 онд дуусгавар болсон гэнэ.

Дай 2,000 долларын шагналаа хүмүүсийн анхаарлыг татахад хангалттай, үүнээс илүү ихийг амлавал зарим хүмүүсийг мөнгөний төлөө буруу зүйл хийхэд хүргэж болзошгүй гэж болгоомжилжээ.

Зар гаргаснаасаа хойш тэр таван санал хүлээж авсны хоёр нь нэлээд анхаарал татаж байгаа, тэдний нэгтэй гурван ч удаа болзсоноо Дай ярьсан байна.

Дайгийн энэ үйлдэл Сингапурт танилцах үйлчилгээний Tinder зэрэг аппликэйшнд итгэх хүмүүсийн итгэл суларсныг харуулж байна.

Нөгөө талаас “love scam” гэгддэг онлайн луйврын гэмт хэрэг нэмэгдсэнтэй холбоотой.

Өнгөрсөн онд Сингапурт ийм төрлийн луйварт хүмүүс нийт 27.6 сая сингапур доллар алдсаныг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлж байв.

Тухайлбал Сингапурын 78 настай жүжигчин Лоренс Пан танилцах үйлчилгээний PinaLove сайтаар танилцсан Филиппин эмэгтэйд 1.5 сая орчим песо ($26,200) алдсан нь олны анхаарлыг хамгийн их татсан хэргүүдийн нэг байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post