Уншиж байна ...

"Монголчууд амандаа алтан халбага зууж төрсөн ард түмэн"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 3 сарын 7
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэрт орчуулагч, судлаач Д.Болдбаатар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын конгресст хэлсэн үгнээс улбаалан цаашид олон улсын харилцаа хэрхэн өрнөх, түүнд Монголын оролцоо ямар байх боломжтой талаар нийтлэл бичсэнийг хүргэж байна. Тэрбээр эрчтэй өрнөж байгаа үйл явдлуудаас харахад Монголын газрын ховор элемент Америк, Хятадын зөрчилдөөний гол халуун цэгүүдийн нэг байх нь тодорхой хэмээн онцлоод Чингис хаанаас хойш монголчуудад хоёрдох маш том ашигтай боломж тохиож байна гэж үзжээ.



- Одоо л хөдөлдөг цаг!

Нэг л мэдсэн Монголын нийгмийн хамгийн оюунлаг, гэгээлэг хэсэг нийтлэл бичлэгүүдийг маань уншдаг, холбогдох санаа бодлоо хэлэлцдэг болсныг харахад бахтай сайхан байна. Ийм сайхан оюуны гэгээн саруул орон зай үүсэж байгаа завшааныг ашиглан зөвхөн олон улсын байдал гэлтгүй, Монголын түүх, гүн ухаан, боловсрол, шашин соёл, хүний хөгжил, улс орноо хэрхэн удирдан залах, төр гүрнээ төвхнүүлэн мандуулах зэрэг маш өргөн сэдвээр бичиж бүтээлч хэлэлцүүлэг маргаан өрнүүлж яагаад болохгүй байх билээ. Тийм болохоор Та бүхний ганц сэтгэгдэл, дамжуулан түгээлт энэ гэгээн үйлсэд маш том дэм юм шүү гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Ингээд энэ удаа Трампын Конгресст тавьсан илтгэлийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцъя!

Түүний илтгэлийг дийлэнх уншигч өөр өөрсдийн шугамаар үзэж боломжийн хэмжээний мэдээлэлтэй болсон байж мэдэх тул АНУ-ын Ерөнхийлөгчийн Конгресст тавьсан хамгийн урт илтгэл гэдгээрээ алдаршаад байгаа уг үйл явдлыг дахин давтан тоочих нь утгагүй. Манайхны ойлгоцоор наяын босгыг мөд давах эрүү өвдөг нь нийлэх шахуу болчихсон байх учиртай өвгөн бүтэн нэг цаг 40 минутын турш зогсоогоороо тэр урт илтгэлийг цээжээрээ цэгцтэй тод илтгэн өгүүлнэ гэдэг ямар гайхалтай хэрэг вэ? Тэр олон хүний нэр, тоо баримт зэргийг торолгүй урсгаж байгаа нь Трампын бие хэчнээн эрүүл, ухаан нь ямар саруул байгааг илтгэх үзүүлэлт мөнөөсөө мөн л дөө.

Нөгөө талаар Америк хэмээх дэлхийн тэргүүлэгч гүрний ная шахсан удирдагч, насныхаа талтай тэнцэх хоног хугацаанд ямар их ажил амжуулаа вэ гэдэг гайхширсан бодол Таны толгойд ч орж ирсэн болов уу? Надад л тэгж санагдаж байсан. Гэтэл бид 35 жилийн турш яг нарийндаа буруу замаар будаа тээчихээд дахиад шинэ 30 жил, «Алсын хараа 2050» гэх зэрэг үлгэрт итгээд сууцгааж байдаг нь шуудхан хэлэхэд маш том «эмгэнэлт жүжиг» л дээ. Жаахан ухаан сэхээтэйхэн удирдагчтай байсансан бол сайхан Монгол орноо хөгжүүлэх гэдэг хүйтэн цай залгилчхаад зайдан морь унаад давхин одох лугаа адил амар хялбар зүйл баймаар санагдаад байдаг юм. Гэхдээ ганц удирдагчдаа бус юм. Бас монголчууд бид бултаараа, ард түмнээрээ гялалзтал хөдөлмөрлөх тал дээр дандаа алдаж ирсэн шүү!

Конгресст тавьсан илтгэлээс анхаарал татсан өөр нэг зүйл юу хэмээвээс Европын холбоо, Хятад, Энэтхэг, Бразил, Канад, Мексик зэрэг олон улс орон бүс нутаг руу Трамп «Гаалийн татвар» хэмээх шидэт дохиураа чиглүүлээд нэлээд чанга дохих нь нэгэнт тодорхой болжээ. Трамп Украины ерөнхийлөгч Зеленскийг Цагаан ордноос хөөгөөд явуулангуут Америкийг аавтай зүйрлэвэл өвөө нь гэж бараг болох Британи улс түүнийг шууд л алга дэлгэн хүлээн авсан нь улс төрийн хошин энэ жүжгийн бас нэг сонирхолтой үзэгдэл мэт санагдахгүй байна гэж үү? Энэ ташрамд өгүүлэхэд Британи улс ямар сайхан нүдэнд дулаахан гулгаж тэших нь холгүй залуу, эрчтэй Ерөнхий сайдтай болоо вэ? Францын Макроныг түүх тодруулаад гаргаад ирлээ, яалт ч үгүй. Нөгөө Монголын маань найз Макрон шүү дээ гэж бодохлоор миний дотор огшоод байх юм. Дэлхий лидерүүдээр дутахгүй ээ гэдэг л энэ байх даа.

“Трампын хэлж ярьсан болгон хэрэгжих магадлал багатай, харин яг хэрэгжүүлэхээр зорьсон зүйлээ санааныхаа мухарт хав дарчихдаг онцлогтой” хэмээн гадаадын зарим улс төр судлаачид шивэр авир гэлцэх болсныг анзааралгүй өнгөрч боломгүй. Тэр дагуу авч үзэх юм бол элэг бөөр, эцэг үрээс ялгаагүй дотно харилцаатай явж ирсэн Канад, Мексиктэйгээ ойрын үед томоохон яриа хэлэлцээ хийгээд энэ талын асуудал их аятайхан намжиж болох талтай. “Өвөг эцэг” нь залран суугаа үнэт үзэл баримтлал соёлоороо нэгддэг Европын Холбоотой тэгтэл айхавтар муудчихаар тэнэг хүн биш тул удахгүй үг хэлээ ололцчих биз ээ. Энэтхэг, Бразил улсууд ахин нэг ч удаа «алтан тоосго» гэдэг үгийг амаараа хэлэх нь байтугай тархинаасаа тийм бодлыг аваад хаячихая хэмээн ам тангараг өргөвөөс бас л гаалийн татварыг хөнгөлүүлэх боломж бүрдэж мэдэх юм. Канад, Мексикийн хувьд асуудал хурдан шийдэгдэх нь тодорхой бол бусад улсуудтай хийгдэх яриа хэлэлцээ илүү адармаатай байхыг үгүйсгэмгүй.

Америк-Хятадын өрсөлдөөний стратегийн тэнцвэртэй байдал үүсээд байгаа өнөө цагт  Монгол Улс 31 сая тонн газрын ховор элементийн нөөцтэйгөөрөө дэлхийд удаалах болсон баттай мэдээ Америкийн хувьд маш анхаарал татахуйц баяртай үйл хэрэг байж таарна

Байдал даамжирвал гагц Хятадын «өмхий мөнгө» төдийгүй, Европ, Энэтхэгийн «өмхий мөнгөнүүд» ч Монголд орж ирэх үүд хаалга нээгдэж байгаагаараа манай улсад маш ашигтай хэрэг болж таарна. Өөрөөр хэлбэл Хятад, Энэтхэг, мөн Герман зэрэг Европын Холбооны улсууд Монголд үйлдвэрлэлийн салбараа нүүлгэн ирүүлээд АНУ руу гаргаж эхлэбэл маш бага гаалийн татвар төлөх боломж бүрдэх боломжтой гэсэн үг. «Хятадын өмхий мөнгө Монголд хэрэггүй. Тэр Вьетнамчууд нь наад боломжийг чинь ашигладаг юм байгаа биз» хэмээн нэг тролл нөхөр бичсэн байна лээ.

Харин нэг л улсад тийм боломж тохиохгүй нь Хятад байж мэдэхээр байгаа нь маш тодорхой байна. Одоогийн байдлаар Хятад улсад тавьсан гаалийн татвар 33 хувьтай байгаа бөгөөд түүнийг үе шаттай нэмэгдүүлсээр 100 хувь хүргэх боломж байгаа нь Америкийн хувьд маш том давуу тал, ерөөсөө хамгийн хүчирхэг «зэвсэг» нь юм. Түүний хариуд Хятад “Бид худалдааны дайн байтугай өөр бусад ямар ч дайн хийсэн айх юм алга” гэх буюу “Хэрэгтэй цагт Хятадын ард түмэн өвс ногоо идээд ч хамаагүй нэг жил тэсэн гарах чадвартай” хэмээх хатуу мэдэгдлүүд хөвөрч байгаагийн цаана асуудал маш ноцтой даамжирч байгааг ойлгоход төвөггүй.

Энэ цаг мөчөөс эхлэн Украин, Зеленский гэх нэрс бүдгэрэн жижгэрч орчин үеийн олон улсын харилцааны хамгийн гол, хурц ширүүн өрсөлдөөн тэмцэл Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж эхлэх нь өдөр цагаар тоологдохуйц бачим асуудал болон хувирлаа хэмээн өгүүлэхэд хол зөрөхгүй юм. Бүр тодруулбал Ази-Номхон далайн бүс нутагт Америк, Хятад хоёр “Би юу, Чи юү” гэдэгтээ тулж үзэлцэх шийдвэрлэх тулалдаан хэрхэн өрнөхийг харах түүхэн цаг үед бид амьдарч байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ энэ том дайн улс орны ерөнхий хүчин чадалдаа дулдуйдсан улс төрийн холч хараа, сэцэн билгийн шандас сорьсон маш том өрсөлдөөний хэлбэрээр илрэх нь бараг тодорхой болж байна.

Энэ хугацаанд зэр зэвсгээ хангинуулан сүрийг үзүүлэх тохиолдол цөөнгүй гарч мэдэх боловч тэр нь Путиний «цөмийн сүрдүүлэгнээс» өөрцгүй зүйл байхыг ч тааж ядаад байх зүйл биш юм. Америкийн тал өндөр зэрэглэлийн чип үйлдвэрлэлийн салбарт бүрэн ноёрхлоо тогтоосон бол Хятад улс өндөр технологийн хөгжилд амин чухал хэрэгцээтэй газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлж, цэвэршүүлэх боловсруулах салбарт бас л толгой цохиж байгаа нь манай гаригийн улс орнуудаас ерөнхий хүчин чадлын хувьд тэргүүлэгч болон удаалагч байр суурийг маргаангүй эзлэх болсон хоёр их гүрний өрсөлдөөний гарааны шугамыг үндсэндээ тэнцвэржүүлж байгаа гэсэн үг л дээ.

Чип үйлдвэрлэл өндөр технологийн салбарт хэчнээн чухал үүрэгтэйг манай уншигчид андахгүй байх аа. Тэр тусмаа хиймэл оюун, роботын салбарын хөгжилд ус агаар шиг хэрэгтэй зүйл болох нь ч тодорхой. Урьд өмнө газрын тос зэрэг эрчим хүчний нөөцөөр баялаг улс орнууд нийт дэлхий дахины амьдралд илүү жин дарж, идэвхтэй оролцох үүд хаалга нээгддэг байсан бол өнөө цагт хиймэл оюунаар тэргүүлэгч гүрэн шулуухан хэлэхэд дэлхийд ноёрхогч байр суурь эзлэх нь ойлгомжтой болж байна. Ийм эгзэгтэй нөхцөл байдалд Америк тэргүүтэй өрнөдийн улс гүрнүүд өндөр технологийн салбарт амин дэм нь гэж болохуйц газрын ховор элементийн хувьд Хятадаас бүрэн хамааралтай болсон нь «Даяаршлын үйл явц» эргэлт буцалтгүй боллоо хэмээн стратегийн том эндүү төөрөгдөлд автсанаас үүдэлтэйг ойлгоход тийм ч ухаалаг толгойтой байх шаардлагагүй юм.

Дэн Сяопин бүр 1987 онд Өвөрмонголд очихдоо “Та нар тун удахгүй эдийн засгийн хөгжлийн хурдцаар Хятад улсад тэргүүлэх болно” хэмээн айлдаж байсан нь газрын ховор элементийн гол нөөц Өвөрмонгол, тэр дундаа Ордост голчлон байдгийг тооцож хэлсэн үг байж таарна. Тэгвэл 1991 онд өмнө зүгт аялахдаа “Дундад дорнодод газрын тос байдаг бол Хятадад газрын ховор элемент бий” хэмээх товчхон үгийг хэлсний цаад санаа нь 1989 оны Тяньаньмэний хэрэг явдлын дараа өрнөдийн том гүрнүүд Хятадад эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авсны хариу болгож хийсэн мэдэгдэл байсан л даа. Өөрөөр хэлбэл Та нарын хориг арга хэмжээг бид даваад гарчихна аа. Харин Та нар манай газрын ховор элементгүй нөхцөлд “амбан явж гамбир хайрах уу даа?” гэдэг гол чухал мессэжийг өгснөөр удалгүй өрнөдтэй харилцаа зөөлөрч, Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх үүд хаалга нээгдсэн. Улмаар Хятад улс хөгжлийн хурдан галт тэргэндээ сууж асар богино хугацаанд ямар гайхалтай амжилт олсныг бид бүгд мэдэх юм хойно доо.

Америк-Хятадын өрсөлдөөний стратегийн тэнцвэртэй байдал үүсээд байгаа өнөө цагт Монгол Улс 31 сая тонн газрын ховор элементийн нөөцтэйгөөрөө дэлхийд удаалах болсон баттай мэдээ Америкийн хувьд маш анхаарал татахуйц баяртай үйл хэрэг байж таарна. Америкийн өмнөх төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкэн Монголд айлчлахдаа манай улсыг «Амин чухал түнш» хэмээн албан ёсоор зарласны цаад учир шалтгаан ерөөсөө энэ хэмээн ойлгож болно. Америкийн тал ч, Хятадын тал ч аль аль нь санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг Монголын газрын ховор элементийн нөөц баялгийн талаарх мэдээлэл бүр 2006 онд Америкийн геологийн судалгааны товчооны тайлан илтгэлд анх дурдагдсан байдаг. Хятадын газрын ховор элементийн нөөц ердөө 20 хүрэхгүй жилийн дараа шавхагдах магадлал маш өндөр бол Монголын нөөц хөндөгдөөгүй, харин ч хайгаад байвал нөөц нь улам нэмэгдэх хандлагатай байгаа нь юутай сайн хэрэг билээ.

Хамгийн гол нь Хятадын газрын ховор элементийн нөөцийн дийлэнх хэсгийг япончууд ухаан санаанд багтамгүй маш хямд үнээр бараг л ховх сороод авчихсан байдаг. Түүний хүчинд Япон улс өөрийн хэрэгцээг 400 жилийн турш тасралтгүй хангах нөөцтэй болсон. Гагц үүгээр зогсохгүй Хятадын өөрчлөлт шинэчлэлийн эхэнд япончууд Хятадаас хамгийн сайн чанарын нүүрсийг бас л маш хямдаар худалдан аваад манайхны 5 давхар угсармал орон сууцны багцаатай төмөр бетон хоолойнуудыг дүүргээд амсрыг нь таг битүүмжлэн Нагояагийн булангийн далайн хойгт тавьж хиймэл арал үүсгэсэн нь он жилүүд урсан өнгөрөхийн хирээр үнэ цэнэ нь улам нэмэгдэж байдаг үүсмэл баялаг болон хувирсан юм. Энэ бол хятадын блогчид өөрсдийн тэнэгийг, япончуудын өөдгүй муу санаатайг гайхан хараах бас л нэг аян шалтаг болдог бодит жишээ л дээ. Төрийн бодлого гээч угтаа ийм л нарийн ширийн зүйл байх ёстой энд дурдагдсан жишээнээс бодитой ойлгогдож байна уу?

Жаахан уянгын халилаас бодит сэдэв рүү буцан орцгооё! Монголчууд бид Америкийн талтай 2023 онд газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Гэсэн хэдий ч ердөө хэдхэн сарын өмнө Монголын газрын ховор элементийг Америк болон Япон, Солонгост хүргэнэ гэдэг бараг л Мянгуужингийн үлгэр шахам зүйл байж билээ. Харин Америк-Оросын харилцаа сайжирч хэвийн болсноор саадгүй түргэн хилийн дээсээр урсан гарах нөхцөл бүрдэж болно. Би бүр 2017 онд байх аа, Х.Баттулгыг хаан шахуу байхад «Женкогийн нохой санаа бүтээсэй билээ» гэдэг нийтлэлдээ Монголын газрын ховор элемент Владивостокоор дамжин Америк руу гарах боломжтой хэмээх бичлэг оруулж байсан байгаа юм шүү. Энэ бол тээвэрлэлтийн эхний маш боломжит хувилбар юм. Америк-Оросын харилцаа сайжирснаар үндсэндээ ногоон гэрэл аслаа гэсэн үг.

Удаах нь америкчууд тээврийн нисэх онгоцоор тээвэрлэн аваачих хувилбар бөгөөд Монгол, Америкийн хооронд ирэх тавдугаар сард албан ёсоор нээгдэх агаарын шугамын гол үүрэг нь чухам үүнд чиглэгдэж байна хэмээн Хаятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд эхэлсэн нь оргүй хоосон зүйл огтоос биш л дээ.

Гэхдээ зардал маш өндөр гарах нь тодорхой. Харин миний бие бас л хоёр жилийн өмнө Илон Маскийн сансрын тээврийн зориулалттай Space X хөлгүүд Монголын газрын ховор элементийг Америк руу 40-хөн минутын дотор зөөвөрлөн аваачих нь хамгийн боломжтой гуравдах хувилбар байж болох тухай таамаглал дэвшүүлж байсан. Орос-Хятадын найрамдал одноос хурц гэрэлтэж байсан тухайн цаг үед өөр хувилбар байх бололцоогүй юм.

Хүн төрөлхтөн 2200 он хүртэл Ангараг гариг дээр очиж анхны колонийн сууринг байгуулах ямар ч боломжгүй гэдгийг Илон Маск хамгаас сайн мэдэх хүний нэг. Харин Монголын говьд Ангараг руу нисгэх Space X сансрын хөлгийн баазыг байгуулах боломжтой гэсэн үг яриа болон түүнийг голчлон Америкт төгссөн залуу улстөрчид сэвээд байгаа үйл явдал нь зөвхөн халхавч төдий зүйл байж таарна хэмээн бүр тэр үед бичиж байсныгаа энэ бичлэгт дахин сануулъя.

Ер нь эрчтэй өрнөж байгаа үйл явдлуудаас харахад Монголын газрын ховор элемент Америк, Хятадын зөрчилдөөний гол халуун цэгүүдийн нэг байх нь тодорхой юм. Илон Маск сансрын тээврийн хөлгөө ангараг байтугай сар руу нисгээд ч ашиг олохгүй гэдгийг ойлгохгүй тэнэг хүн биш гэдгийг дээр өгүүлсэн. Түүн лүгээ адил Америк нь Оростой хамтраад 2040 оноос үүрийн гэгээ хаяарч мэдэх Умард мөсөн далайн усан замын тээврийг эхлүүлж ашиг олохыг хүлээвэл Трамп байтугай Путины нас ч хүрэхгүй байж мэдэхийг хоёулаа ойлгохын дээдээр ойлгож байгаа.

Хоёр жилийн өмнө холбогдох бичлэгийг оруулж байхад Space X-ийн ашигтай ачааны даац 100 тонноор яригдаж байсан бол одоо 300 тонн тээвэрлэх хэмжээнд хүрчээ. Өмнөд Солонгосын бүтэн жилийн газрын ховор элементийн хэрэгцээ 3000 тонн байдгаар тооцоолж үзвэл сансрын тээврийн хөлгөөр ердөө хэдхэн цагийн дотор зөөвөрлөчих техникийн боломж бүрдсэнийг харж байна уу? Илон Маск старлинкийн ашиглалтын эрхийг Монголын агаарын орон зайд нэвтрүүлсэн нь хэдхэн хүлээн авагчдад тогоо зарах гэсэн хэрэг огтоос биш байж таарна. Харин Space X сансрын хөлгөө хөөргөж буулгах урьдчилсан нөхлийг буй болгож байгаа гэвэл үнэнд илүү ойр дөхүү болох буй за. Америкийн хувьд амин чухал зүйл болох Монголын газрын ховор элементийг зөөвөрлөхөд монополь эрхтэй оролцож чадвал алтан уулын агуй нүхний үүдээр явж орсноос өөрцгүй хэрэг болохыг Америкийн тэргүүн баян эрхбиш олж харалгүй яахав.

Ер нь шинэ хэв маягийн улс төр, шинэ хэв маягийн дипломат бодлого гээч ойлгохуйяа үлэмж бэрхтэй ухагдахуун гарч ирсэн нь олон улсын тавцан дахь өрсөлдөөнийг онцгой ширүүн атлаа илүү сонирхолтой болгож байна. Нэгэнтээ энэхүү хурц ширүүн өрсөлдөөний гол талбарын нэг болох нь (хэтдээ тоглогч болоосой!) тодорхой болсон монголчууд бидний хувьд нийгмээрээ унтаа байдлаасаа сэргэн сэхээрч, айж мэгдэн цочирдохоос илүүтэй үүсээд буй шинэ нөхцөл байдлыг бодитойгоор ойлгож ухаарах нь дараачийн зөв алхмыг хийх урьдчилсан нөхцөл бүрдээд байгаа бус уу?

“АНУ-тай сайн харилцаатай улс орон болгон хөгжиж ирсэн түүхтэйг бид мартах учиргүй” хэмээн аанай л Дэн Сяопин 1979 онд хэлж байсан үг нь бидэнд хамгаас илүү хамаатай байж таарна. Энэ үг бол манай улс төрийн хүрээнийхний хувьд онцгой чухал зүйл юм шүү. Тийм болохоор л би улс төрчдөд «Гурван улсын үлгэр» романыг гурваас доошгүй удаа уншаарай хэмээн зөвлөөд байгаа нь үүсээд байгаа шинэ нөхцөл байдлыг бодитой үнэн зөв ойлгож ухаарахад тустай байдгийг бодолцсон хэрэг. Ядаж нэг удаа уншчихсан байхад ухааны эрэмбэ илт дээшлэхийг мэдрэх вий, Та.

Ердөө хэд хоногийн өмнөөс эхлэн хятадууд Монголтой залгаа хилийн шугамын дагуу 4,500 км-ийн урттай цахим «Цагаан хэрэм» байгуулж чадсанаа тик-ток зэрэг нийгмийн сүлжээний хэрэгслүүдээр маш өргөн сурталчлах болов. Монголын газар нутгийн гүнд 600 км-ийн өргөн зурваст олзворлон тээвэрлэж мэдэх газрын ховор элементийн төрөл зүйл, хэмжээ дамжааг эл цахим цагаан хэрмийн тусламжтайгаар алдаагүй хянах боломжтой боллоо гэсэн утга агуулгатай уг мэдэгдэл Монголд төдийгүй Америкийн талд өгч байгаа маш том дохио сануулга, хариу үйлдэл болох нь тодорхой. Атга элсэн дотор байгаа ганц ширхэг элсэн мөхлөгтэй тэнцэх хэмжээний гүр соронзонг хүртэл алдаагүй ялган тогтоож чадах асар хүчтэй тандан судалгааны байгууламжийг хүний хүүхдүүд хэдхэн сарын хугацаанд манай хилийн дагуу байгуулж чаджээ гэсэн үг л дээ.

Энэ нь нөгөө талаар Хятадын шинжлэх ухаан-технологийн салбарын хүрсэн төвшинг Монголд гэхээс илүүтэй Америкийн талд батлан харуулж байгаа бас нэг жишээ байж таарна. Хятадын сансрын автомат станцаас дэлхийн дурын цэгт байгаа хүний царай зүсийг тодорхойлох боломж бүрдсэн тухай уншиж байсан. Дээрх цахим цагаан хэрэм гэгчийн үр нөлөө зэргийг ажвал Монголын газрын ховор элементийн нөөц 31 сая тонноор ч тогтохооргүй их байгааг их гүрнүүд нэгэнтээ алган дээрээ тавьсан мэт андахгүй сайн мэддэг болсонд эргэлзэх хэрэггүй бөлгөө.

Ердөө хэдхэн хоногийн өмнөөс шуугьж эхлэсэн дээрх цахим цагаан хэрмийн тухай мэдээллийг хараад миний бие айж цочирдохоос илүүтэй орчин үеийн хил хамгаалал, хил орчмын цэргийн тагнуулын үйл ажиллагааны ийм боловсронгуй арга хэрэгсэл байж болох юм байна шүү гэдэг үүднээс ойлгож хүлээн авсан. Харин ч манай мэргэжлийн холбогдох байгууллагууд энэ талаар мэдэхгүй, сэдэхгүй сууж байв гэж дээ гэж бодоод улам ч тайвширч билээ. Нөгөө талаар Америктай явагдах Монголын газрын ховор элементийн хөлтэй худалдаа удахгүй эхлэхийн дохио байж таарах нээ хэмээн монгол хүний хувьд далдхан баярлаж байснаа бас нуух юун.

Хоёр талын энэ том арилжаанд оросууд хөндлөнгийн ажиглагчийн хувиар нэлээд томоотой тогтуун дуулгавартай хандах нь бараг л тодорхой байх аа. Украины дайны асар их нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөж, бас Гаагын Олон улсын шүүхээр шийтгэгдэх нь холгүй байсан хүний хувьд Америктай харилцаагаа сэргээгээд уснаас хуурай мултарч байгаа нь тэнгэрийн умдаг атгаснаас өөрцгүй хэрэг гэдгийг тайлбарлах хэрэггүй юм. Хятадын удирдагчдын хувьд Америктай сөргөлдөөд хоол олж хол явж чадахгүй гэдгээ хамгаас сайн ухаарч байгаа. Харин аман дээрээ хатуу чанга байр суурь баримтласан дүр эсгэх нь ард түмнээсээ ахиу оноо салгах гэсэн аль ч улсын удирдагчдын байр суурь байдгийг ойлгож төөрөлдөх хэрэггүй. Улс төрийн том тайзны хөшигний ар талд дахиад л далд нууц том яриа хэлэлцээ өрнөж л таар аа. Тэр далд яриа хэлэлцээний агуулга, талуудын байр суурь зэрэг нь өрнөж байгаа үйл явдлын өнгөн дээр тодрон үзэгдэх явдал цөөнгүй байдгийг гярхай ажиглаж суух нь судлаачдын үүрэг болж байна.

Трамп Цагаан ордонд Зеленскийтэй муудалцахдаа “Чи юм л бол шархадсан баавгайг гүйцээчихье л дээ гэх гээд байх юм. Яасан их өшөө хорсол вэ?” гэдэг далд санаа цухалзаж байсныг уншигч Та анзаараа биз. Ердөө тэр өдрийн орой Америкийн Fоx ТВ-д өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Трамп яг ч Оросын талд орчхоогүй дундыг баримталсан байр суурьтай байгаа гэдгээ надад хэлсэн л дээ” хэмээн Зеленский ам алдаж байх жишээтэй. Тэгвэл Беларусийн Ерөнхийлөгч өрнөдийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Үнэндээ Путин ийм сунжирсан дайн хийх бодолгүй байсан. Гэвч бодит байдал санаанд оромгүйгээр эргэж маш хүнд байдалд орчхоод байгаагаа надад өөрөө ярьсан даа” хэмээн ярьж байхыг цөөнгүй уншигч санаж байгаа биз дээ.

Америк-Хятадын далд хэлэлцээний үр дүнд бодит тохиролцоонд аль болохуйц хурдан хүрэх нь хоёр талд ашигтай гэдгийг хоёулаа маш сайн ойлгож байгаа. Тэрхүү далд яриа хэлэлцээний үр дүнд Монголын газрын ховор элементийг Хятадад боловсруулаад буцаагаад Монголоос Америк руу гаргах хувилбар дээр тогтох магадлал тун өндөр байж мэдэх юм.

Яагаад гэвэл цэвэршүүлэх, боловсруулах технологийн хувьд хятадууд дэлхийд тэргүүлж байгаа. Нөгөө талаар харьцангуй хямд төсөр болохоор тэр бөлгөө. Хятадуудын хувьд Америктай худалдааны хэвийн харилцааг сэргээж, эдийн засгийн уналтыг зогсоон ард түмний амьдралын чанарыг баталгаатай байлгах нь амин чухал асуудал байж таарна. Ард түмнээ аз жаргалтай сайн сайхан амьдруулахаас илүү том улс төр гэж байхгүй хэмээн ярьдаг удирдагчтай улс гэдгийг мартаж боломгүй.

Түүнчлэн хамгийн чухал стратегийн түүхий эдийн экспортыг Оросоор дамжуулахгүй өөрсдийн Тяньжин боомтоор дамжуулбал чамгүй ашиг хүртэж болохыг наймааны ухаан сайтай дотор хүмүүс яахин эс мэдэх билээ.

Чингис хаанаас хойш монголчууд бидэнд хоёрдох маш том ашигтай боломж тохиож байгаа талаар энэ бичлэгтээ тун цухас төдийхөн тоймлон өгүүллээ. Дэлхийн тэргүүлэгч гүрний стратегийн хэрэгцээний үр дүнд бүрэлдэж, сүр хүчний хамгаалал дор нь багтсан энэ сайхан боломжийг хоёр хөрш маань учиргүй бусниулж бужигнуулчих нь юу л бол? Харин хамгийн том саад бэрхшээл монголчууд бидний дундаас үүсэх магадлал маш их тул Жастин Трюдогийн хэлсэнчлэн “Алхаа гишгээ байтугай амьсгалын тоогоор үндэсний эв нэгдлээ илүү эрхэмлэж” байх нь юу юунаас чухлаар тавигдаж байгааг Монголын төлөө цохилох зүрхтэй хүн болгон ойлгож ухаарууштай.

Ийм сайхан боломж бүрдчихээд байхад түүний талаар ойлгоцгүй байх нь Африкийн балар шугуйн хар арьстангууд, Америкийн уугуул индианчуудаас ямар ялгаа байх билээ. Харин дээд төвшний бодлого боловсруулагч нар төдийгүй ард нийтээрээ энэ чухал асуудлын талаар маш цэгцтэй, зөв зүйтэй, нэгдмэл ойлгоцтой байвал харилцагч, хамтрагч талын хүндэтгэлийг өөртөө хүлээх магадлал өндөрсөхийг бодолцон нэлээд ултай бодож цэгнэсний үндсэн дээр энэ бичлэгийг тэрлэсэн болохыг уншигч Та ойлгож байгаа байх аа.

Арабын баячууд ч атаархаж мэдэхээр бидэнд тохиогоод байгаа маш ховор боломжийг бүрэн дүүрэн ашиглахад сайн засаглал хамгаас чухал шаардлагатай байгаа тул дараа дараачийн бичлэгүүддээ тэр чухал сэдвийг хөндөн өөрийн санаа бодлоо Та бүхэнтэй хуваалцаж байхаа амлаж байна.

зураг
 

 

Доржсүрэнгийн Болдбаатар