Уншиж байна ...

Дани улсын шуудангийн алба 400 жилийн дараа цаасан дээр бичсэн захиа хүргэхээ больж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дани улсын төрийн өмчит шуудангийн алба PostNord 2025 оны сүүлээр захиа хүргэлтийн үйлчилгээгээ бүрмөсөн зогсоохоор болсныг зарлажээ.

Тус алба сүүлийн 400 жилийн турш хүмүүсийн хооронд гараар бичсэн захиа зөөсөөр ирсэн юм.

Шийдвэртэй холбоотойгоор энэ оны зургаадугаар сараас Дани даяар тархан байрласан 1,500 шуудангийн хайрцгийг хурааж эхлэхээр болсон байна.

Данийн тээврийн сайд Томас Даниэлсен бичиг захиаг бусад арилжааны хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаар илгээхийг иргэддээ зөвлөжээ.

Ер нь Европ даяар уламжлалт шуудангийн үйлчилгээ эрхлэгчид хүнд байдалд ороод байгаа.

Германы Deutsche Post шуудангийн байгууллага 8,000 ажлын байрыг цомхотгох болсныг өчигдөр бас зарласан юм.

Тус байгууллага нийт 187,000 ажилтантай.

Данийн PostNord цаашдаа бараа материал хүргэлтэд илүү төвлөрч ажилладаг болох юм байна.

Захиа хүргэлтээ зогсоож байгаатай холбоотойгоор нийт 4,600 ажиллах хүчнийхээ 1,500 орчмыг цомхотгохоор болжээ.

Дани улс бол дэлхийн хамгийн цахимжсан улсуудын нэг юм.

Тус улсын иргэд жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ гар утсанд бүрэн шилжүүлсэн байдаг.

Бэлэн мөнгө хэрэглэдэг хүн ч ховордсон байна.

Үүнтэй холбоотойгоор Дани даяар илгээгддэг захианы тоо энэ зууны эхэнд жилийн 1.4 тэрбум байснаа өнгөрсөн онд 110 сая болж, 90 орчим хувиар буурчээ.

 

Эх сурвалж: BBC