Уншиж байна ...

Оросын эрх баригч нам Украинд амь үрэгдсэн цэргүүдийн ээж нарт махны машин бэлэглэжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Оросын эрх баригч “Нэгдсэн Орос” намын салбар хороо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Украинд амь үрэгдсэн цэргүүдийн ээж нарт махны машин бэлэглэсэн талаар тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Мурманск мужийн Полярные Зори хотын захиргаа болон намын салбар хороо ийм этгээд бэлгийг эхчүүдэд тараасан юм байна.

Хотын намын хороо энэ талаараа өөрийн ВКонтакте сошиал хуудсанд мэдээлжээ.

Уг мэдээнд хотын дарга Максим Ченгаев, намын хорооны нарийн бичгийн дарга Анна Махунова нар нэгэн эмэгтэйд махны машиныг баглаа цэцгийн хамт өгч байгааг харуулсан гэрэл зураг хавсаргасан байна.

“Нэгдсэн Орос” нам энэ удаагийн эмэгтэйчүүдийн баяраар “Баатруудын ээжүүдэд Цэцэг” нэртэй хөдөлгөөнийг Орос орон даяар санаачилсан ажээ.

Украины дайнд амь үрэгдсэн цэргийн тоог Оросын эрх баригчид албан ёсоор зарлаагүй байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сард Их Британийн тагнуулын алба Оросын хохирлын хэмжээг 648,000, үүний 200,000 орчим нь амь үрэгдсэн, 448 нь шархадсан гэх тоо баримтыг зарлаж байв.

2024 оны зун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дайнд 135,000 цэрэг амь үрэгдэж, 135,000 цэрэг шархадсаныг хэлж байжээ.

Хамгийн сүүлд 2025 оны эхний байдлаар Оросын арми 172,000 хүнээ алдаж, 611,000 цэргээ шархдуулсны 235,000 нь фронтын шугамд буцаж, 376,000 нь албаа үргэлжлүүлэн хаах боломжгүй болсон гэх тоог цэргийн эксперт Юрий Федоров Олон Улсын Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн (IISS) тоо баримт дээр үндэслэн мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Moscow Times