Уншиж байна ...

Украины тусламжийг Трамп зогсоож, Европын холбоотнуудаа Вэнс басамжлав

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжийг зогсоох шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр гаргажээ.

Тэрбээр энэхүү шийдвэрээ өнгөрсөн Баасан гарагт Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй ширүүн маргалдсаныхаа дараа гаргаж байна.

Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөсөө хойш тэр Москвад найрсаг хандах болсон нь Украиныг төдийгүй Европын орнуудыг түгшээж байгаа.

Одоогоор Цагаан ордон ямар зорилгоор, ямар хэмжээний тусламжийг хэр удаан хугацаагаар зогсоож буй талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Пентагон ч бас энэ талаар чимээгүй байгаа юм.

Украины ерөнхий сайд Денис Шмыгаль “Украин улс АНУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байна. АНУ бол манай чухал түнш бөгөөд бид харилцаагаа хадгалах ёстой” гэж өчигдөр Киевт зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Харин Украины парламентын гадаад бодлогын байнгын хорооны дарга Олександр Мережко “Трамп биднийг бууж өгүүлэхээр шахаж байгаа мэт харагдаж байна” гэж хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тусламжийг түр зогсоосон нь энх тайван тогтооход “хамгийн сайн хувь нэмэр” болж буйг онцлоод “Энэ бол Киевийн дэглэмийг энхийн үйл явцад түлхэж чадах шийдэл юм” гэж хэлжээ.

Гэхдээ тэр АНУ-тай харилцаагаа хэвийн болгохын тулд Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ цуцлах шаардлагатайг хэлсэн байна.

“Ямар нэг дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна. Бид ямар ч албан ёсны мэдэгдэл сонсоогүй байна. Гэхдээ аль ч тохиолдолд хориг арга хэмжээг бид хууль бус гэж үзсэн хэвээр байх болно. Мэдээж, хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд эхлээд хориг арга хэмжээ гэх сөрөг дарамтаас биднийг чөлөөлөх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Конгресс дахь Ардчилсан Намынхан тусламж зогсоох шийдвэрийг хатуу шүүмжилж байна.

“Ерөнхийлөгч Трамп зэр зэвсгийн тусламжийг царцаах замаар Путинд гэм зэмгүй украинчуудын эсрэг хүчирхийллээ нэмэгдүүлэх хаалгыг нээж өгч байна. Шийдвэр сүйрлийн үр дагавартай байх нь гарцаагүй” гэж Сенатын гадаад бодлогын байнгын хороонд Ардчилсан Намыг төлөөлдөг гишүүн Жанне Шахин мэдэгджээ.

Европын холбоотнууд одоо өөрсдийн батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх замаар Украинд үзүүлэх дэмжлэг тусламжаа өсгөхөөр шаргуу ажиллаж байгаа.

Ингэхдээ АНУ-аас ямар нэг хэмжээгээр дэмжлэг авахыг хичээж байна.

Цагаан ордны шийдвэрийг өчигдөр Франц улс буруушаасан бол Их Британи улс үүнд илүү болгоомжтой ханджээ.

“Украинд үзүүлэх тусламжийг түдгэлзүүлсэн нь энх тайвныг улам холдууллаа. Учир нь энэ шийдвэр Оросын түрэмгийлэгчдэд боломж олгож байна” гэж Францын засгийн газрын Европын асуудал хариуцсан дэд сайд Бенжамин Хаддад хэлсэн байна.

Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Бид Украинд урт удаан энх тайван тогтоохын төлөө тууштай байгаа бөгөөд энэ хүчин чармайлтыг дэмжих гол холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байна. Үүнийг бидний ашиг сонирхолд нийцэх зөв шийдэл гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен гишүүн орнуудынхаа батлан хамгаалах зардлыг 800 тэрбум евро ($840 тэрбум) хүргэх саналыг саяхан танилцуулсан юм.

Энэ асуудлыг Европын Холбооны удирдагчид маргааш буюу Пүрэв гарагт шуурхай горимд хэлэлцэхээр болжээ.

Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ-ын Конгресс нийтдээ $175 тэрбумын тусламжийг Украинд үзүүлэхээр шийдвэрлэж байсан юм.

Трампын засаг захиргаанд үүнээс $3.85 тэрбумыг зарцуулах эрх үлдсэн байгаа гэдэг.

Гэхдээ өчигдрийн шийдвэр нь ерөнхийлөгч Жо Байдены үед гаргасан шийдвэрүүдийг бас түдгэлзүүлж байгаа юм байна.

зураг
 
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс

Үүнээс гадна Даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс холбоотнуудаа басамжилсан утгатай зүйл ярьсан нь Атлантын далайн хоёр эргийг дамнасан дуулиан дэгдээгээд байгаа.

Тэрбээр Украинд АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг бий болгох нь “сүүлийн 30-40 жил дайнд оролцоогүй дурын нэг улсын 20,000 цэргийг байрлуулснаас илүү аюулгүй байдлын баталгаа болно” гэж хэлжээ.

Одоогоор Украинд энхийг сахиулах цэргийн хүч илгээх санаагаа Франц, Их Британи улсууд ил тод илэрхийлээд байгаа.

Олон талаас шүүмжлүүлснийхээ дараа Вэнс дээрх хоёр улсыг хэлээгүйгээ тайлбарлаж, тэдгээрийг сүүлийн 20 гаруй жил АНУ-тай мөр зэрэгцэн тулалдаж байгаа “эрэлхэг холбоотнууд” гэж магтсан байна.

Франц, Их Британиас гадна “хэд хэдэн улс” Украинд цэргээ илгээхийг зөвшөөрсөн талаар Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер өмнө нь мэдэгдэж байсан юм.

Вэнс чухам аль улсыг хэлсэн нь тодорхойгүй байна.

Францын батлан хамгаалахын сайд Себастен Лекорну парламентдаа үг хэлэх үеэр Вэнс мэдэгдлээ залруулсанд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Их Британийн сөрөг хүчнийхэн Вэнсийн эхний мэдэгдлийг ширүүн шүүмжилж байв.

Консерватив намын сүүдрийн засгийн газрын батлан хамгаалахын сайд Жэймс Кэртлиж хоёр улсын цэргүүд Афганистанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байсныг дурдаад “Ийм хүчин зүтгэл, золиослолтыг үл тоомсорлож байгаа нь үнэхээр хүндэтгэлгүй хэрэг” гэж мэдэгджээ.

Reform UK намын удирдагч Найжел Фараж бас Их Британийн цэрэг 20 жилийн турш Афганистанд АНУ-ын талд тулалдсаныг сануулсан байна.

Либерал Ардчилсан намын батлан хамгаалах асуудал хариуцсан төлөөлөгч, Иракийн дайны ахмад дайчин Хелен Магуайр дэд ерөнхийлөгчийн хэлсэн үгний төлөө уучлал гуйхыг Лондон дахь АНУ-ын элчин сайдад уриалж байлаа.

“Ирак, Афганистанд амиа өгсөн олон зуун британи цэргийг Жэй Ди Вэнс түүхийн хуудаснаас арчиж байна” гэж тэр хэлжээ.

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа 2001 оны аравдугаар сард АНУ-ын цэрэг Афганистанд нэвтрэхэд Их Британи, Францын цэргүүд хамтарч байсан юм.

Сүүлийн 20 гаруй жил Их Британийн нийт 150,000 цэрэг Афганистанд үүрэг гүйцэтгэсний сүүлчийн хэсэг нь 2021 онд гарч байжээ.

2003 оны гуравдугаар сард Иракийн дайн эхлэхэд Их Британи улс 46,000 цэрэгтэй оролцсон юм байна.

 

Эх сурвалж: BBC