Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Чойжилсүрэн: Намайг сайд болохоос өмнө "Авлига хороолол"-ыг тог, дулаанаар хангах гэрээ байгуулагдсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрчим хүчний тарифтай холбоотой шийдвэр гарсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр сэтгүүлчид "Aqua garden" буюу иргэдийн нэрлэснээр "Авлига хороолол"-той холбоотой асуудлыг түүнээс тодруулав. 

Сэтгүүлч: Эрчим хүчний чадлын дутагдалтай байна гэж та олон удаа хэллээ. Шүүхийн маргаантай байгаа барилгуудыг яагаад тог дулаанаар хангаад байгаа юм бэ.

Тухайлбал "Авлига хороолол"-ын тог, дулаан залгагдаж барилгын ажил үргэлжилж байна. Хотын дарга нураана гэсэн. Шүүхийн маргаан үргэлжилж байгаа хугацаанд яагаад тог, дулаан өгч, барилгын ажил үргэлжлэх нөхцөлөөр хангаж байгаа вэ? 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Намайг сайд болохоос өмнө "Авлига хороолол"-ын техникийн нөхцөлүүд олгогдсон байсан. Бид хотын захиргаатай адил эрчим хүчээр хангах асуудлыг надад танилцуул хэмээн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК-д үүрэг өгсөн. Шүүхээр цахилгаан эрчим хүчийг хангахгүй гэх шийдвэр гаргаагүй байгаа.

Гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК-аас цахилгааныг өгнө. Шүүхийн шийдвэр гарсны дараа бид биелүүлнэ.

Сэтгүүлч: Шүүхийн шийдвэр гарахыг хүлээсээр байтал барилга баригдаад дууслаа. Хүмүүс худалдан авалт хийгээд байрандаа орж байна. Та Эрчим хүчний сайдын хувьд цахилгааны дутагдалтай байгаа энэ цаг үед шүүхийн маргаантай барилгыг цаашид эрчим хүчээр хангахгүй байх шийдвэр гаргах боломжтой юу? 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын захиргаанаас олгодог. Улаанбаатар хотын захиргаа эцсийн шийдвэрийг гаргана. 

Сэтгүүлч: Улаанбаатар хотын зүгээс нураана гэдэг шийдвэр гаргасан боловч тог дулаанаар хангаад байна гэх тайлбарыг Хотын дарга өгсөн. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Тэгвэл хотын дарга танд илүү мэдээлэл өгөх байх.