Уншиж байна ...

М.Буяндэлгэр: Нийслэлийн төрийн өмчит 156 ЕБС-ийн 146 нь төв хэсэгт байршиж авто замын түгжрэлд нөлөөлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын 303 сургуульд 380,621 сурагч суралцдаг бөгөөд тэдний 294,156 нь хотын төвийн 231 сургуульд суралцдаг байна.

ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн хотын төвийн авто замын түгжрэлд хэрхэн нөлөөлж байгааг судлаачид өнөөдөр танилцууллаа.


Удирдлагын академийн судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга доктор Ж.Жаргал: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэхээр замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг бол амрахаар багасдаг. Үүний шалтгаан нь ерөнхий боловсролын сургуулиуд Улаанбаатар хотын төв хэсэгт төвлөрчхөөд байгаа юм.

Жишээлбэл хотын төвийн 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын 35% нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бүсийнх бол 65% нь харьяаллын бус, зөөвөрлөгдөн ирж суралцдаг. Нийт 500 орчим хүүхэд 10 км зайнаас, 1,000 орчим хүүхэд 3-5 км-ийн зайнаас тээврийн хэрэгслээр ирдэг нь ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж бага байгааг илтгэж байна. 

ШУТИС-ийн механик, инженер тээврийн сургуулийн профессор М.Дэлгэрнасан: ЗХУТ-ийн датад тулгуурлаж тооллого хийхэд сурагчдын хичээл эхэлсэн үед өдөрт 242,000 автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол сурагчид амрах үед 132,000 болтлоо буюу 60%-аар буурсан тооцоо гарсан.

Тооллогоор хотын хойд хэсгээс төвийн сургуулиудад 91,331 сурагч ирж суралцдаг байна. Энэ нь хотын захын дүүргүүдэд сургуулийн хүрэлцээ муу, төвийн хэсгүүдэд ачаалал нэмэгдсэнийг харууллаа.

Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээ Төвийн эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр: Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 303 сургуульд 380,000 хүүхэд суралцдаг. Төрийн өмчийн 156, хувийн өмчийн 147 ерөнхий боловсролын сургууль байна. Төрийн өмчит 156 сургуульд нийт суралцагчдын 82% буюу 314,806 хүүхэд суралцаж байгаа юм. Эдгээр 156 сургуулийн 93% нь буюу 146 нь хотын төвийн хэсэгт байршдаг.

Хотын төвийн хэсгийн зорчилт хөдөлгөөнийг найман бүсээр хувааж үзэхэд нэгдүгээр бүсийн 32 сургуульд 70,771, хоёрдугаар бус буюу Нэгдүгээр хорооллын хэсэгт 15 сургуульд 38,000, гуравдугаар бүс буюу Офицеруудын ордон орчмын зургаан сургуульд 20,000 хүүхэд суралцдаг нь ачаалал хэтэрснийг харуулж байна. Эдгээр сургууль руу хүүхдийг зөөж тээвэрлэхэд ажлын өдрүүдэд 07:00-09:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд 32%, орой 17:00-20:00 цагийн хооронд 21%-аар замын ачааллыг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, тарах цагаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нөлөөлдөг.

зураг
 

Сүхбаатарын талбай, Бага тойруу, Их тойруу орчимд ажлын өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, тарах цагаар замын хөдөлгөөний ачаалал 32%, Нэгдүгээр хороолол орчмоор 25%, Баянзүрх орчимд 55%-аар нэмэгддэг байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн 93% нь хотын төв хэсэгт төвлөрсөн нь авто замын түгжрэлд нөлөө үзүүлж буйг харуулж байгаа юм.

ЕБС-ийн нийт 380,621 суралцагчийн 47.7% бага сургуулийнх байгааг анхаарахгүй бол цаашид замын хөдөлгөөний түгжрэл улам нэмэгдэнэ. Тиймээс 100 гаруй мянган хүүхдийг хотын төв рүү сургуульд хүргэж өгөх, авах хөдөлгөөн Улаанбаатар хотын замын ачаалалд нөлөөлж байгаа тул гэр хорооллын бүсэд ЕБС барих шийдэлд хүрсэн.

Эхний ээлжид Шархад дэд төвд 4, Сэлбэ дэд төвд 4, Баянхошуу дэд төвд 2, Толгойт дэд төвд 2, дараагийн ээлжид 14 гээд нийт 26 бага сургуулийг барихаар төлөвлөсөн. Бага ангийн сурагчдыг зөөх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ачаалал нэмдэг тул бага сургуулийг барихаар төлөвлөсөн гэж тэрбээр танилцуулав.

"Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулснаар автомашинаас ялгарах хүнд металлууд, бензол зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодисыг бууруулах боломжтой" гэж НЭМҮТ-ийн мэргэжилтэн онцолсон юм.