Уншиж байна ...

Сөүл хот жил бүр хиймэл оюуны 10,000 мэргэжилтэн бэлдэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа өнөөдөр өглөө хиймэл оюуны технологийг бодлогоор дэмжих төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Ингэхдээ Сөүл хотыг хиймэл оюунд суурилсан хот болгон хөгжүүлэх, жил бүр 10,000 мэргэжилтнийг бэлдэн гаргадаг болох амлалтыг COEX цогцолборт зохион байгуулагдаж буй чуулганы үеэр захирагч О Сэ Хүүн авсан байна.

Саяхан АНУ-ын Boston Consulting Group дэлхийн улс орнуудын хиймэл оюун хөгжүүлэх чадавхыг үнэлэхдээ Өмнөд Солонгосыг хоёрдугаар ангилалд буюу АНУ, Хятад, Канад, Сингапур, Их Британи зэрэг тэргүүлэгчдийн дараа жагсаасан юм.

Энэ нь тус улсын эрх баригчдад том дохио болсон байна.

Сөүл хот жил бүр 10,000 мэргэжилтнийг бэлдэхдээ 4,000-ыг нь Seoul Software Academy хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрөөр, бусад 6,000-ыг нь их сургуулиудаар бэлдэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Мөн энэ оноос эхлэн хиймэл оюуны технологийн магистрын хөтөлбөрт жил бүр 60 мэргэжилтнийг хамруулах 600 сая воны ($413,000) тэтгэлэг зарлахаар болжээ.

Сөүл хотын өмнөд дүүрэгт Seoul AI Tech City нэртэй хотхон байгуулах төлөвлөгөөг бас өнөөдөр зарласан байна.

2028 онд барилгын ажил нь эхлэх энэ хотхонд дотоод гадаадын сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, соёл урлагийн байгууламжууд, орон сууцнууд байрлах гэнэ.

Үүнээс гадна Сөүл хотын захиргаа ирэх онд 500 тэрбум воны хөрөнгө оруулалтын санг хиймэл оюуны салбарт зориулан нээхээр болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News