Тангараг өргөснийхөө дараахан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын бүх албан бичиг баримтуудад Мексикийн буланг “Америкийн булан” гэж нэрлэх захирамж гаргасан юм.
Тэгвэл Google компани өөрийн Google Maps аппликэйшнд энэ өөрчлөлтийг нэвтрүүлэх болсноо өчигдөр зарлажээ.
Гэхдээ АНУ-ын Google хэрэглэгчдэд тэнгисийн энэ булан шинэ нэрээрээ харагдах гэнэ.
Бас АНУ-ын хамгийн өндөр уул болох Денали оргилыг (Mount Denali) Трампын захирамжаар Маккинли оргил (Mount McKinley) гэж нэрлэхээр болжээ.
“Газар орны нэр улс бүрд өөр өөр байдаг тул Maps хэрэглэгчид өөр өөрийн албан ёсны нэрийг хардаг. Энэ нь дэлхийн бусад бүх улс орнуудад хамаатай” гэж Google компани мэдэгдсэн байна.
“Америк дэлхийн хамгийн аугаа, хамгийн хүчирхэг, хамгийн нэр хүндтэй үндэстнийхээ хувьд зохих байр сууриа сэргээж, бүх дэлхийд бишрэгдэн хүндлэгдэх ёстой. Одоогоос эхлэн бид Мексикийн буланг Америкийн булан болгон өөрчилж байна” гэж Трамп тангараг өргөснийхөө дараахан мэдэгдэж байв.
Үүний дараа Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум уг шийдвэрт хошин байдлаар хариу барьж, Умард Америк тивийг хуучин нэрээр нь “America Mexicana” (Мексикийн Америк) гэж нэрлэхийг санал болгосон юм.
Өнгөрсөн долоо хоногт Шэйнбаум хэлэхдээ “Тэр өөрийнхөө талаас энэ буланг Америкийн булан гэж нэрлэх юм байна. Бидний хувьд болон дэлхий дахинд энэ нь Мексикийн булан хэвээр байх болно” гэжээ.
Мексик болон АНУ-ын эх газраар хүрээлэгдсэн Атлантын далайн алслагдсан тохойг Мексикийн булан гэж нэрлэдэг.
Аляска мужид байдаг АНУ-ын хамгийн өндөр уулын нэрийг 2015 онд ерөнхийлөгч Барак Обама нутгийн уугуул иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Денали хэмээн нэрлэж байжээ.
Уулыг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч агсан Уилльям Маккинлигийн нэрээр нэрлэдэг байсан юм. Трамп сая гаргасан захирамждаа Америкийг улам хүчирхэг, баян болгосон хүн гэдэг үндэслэлээр Маккинли ерөнхийлөгчийн нэрийг буцаан сэргээх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!