Уншиж байна ...

DeepSeek-ийн амжилт АНУ-ын технологийн салбарт “сэрүүлэг” болсныг Трамп хүлээн зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 34 минут
iKon.MN
Зураг зураг

Хятадын стартап компанийн маш хямд зардлаар хөгжүүлсэн DeepSeek хиймэл оюунт чатбот систем америкчуудыг байлдан дагуулж эхэлсэн тухай мэдээ Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг доргиосон билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр үүнийг өөрийн технологийн салбарыг нойрноос сэрээх “сэрүүлэг” болсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр Мягмар гарагт Майами хотод Бүгд Найрамдах намын хууль тогтоогчидтой уулзахдаа “Сүүлийн хоёр өдрийн турш би Хятадын талаар болон Хятадын компаниуд хиймэл оюуны технологийг илүү хурдан, хамаагүй хямд зардлаар хөгжүүлж буй тухай уншлаа. Энэ нь сайн хэрэг. Учир нь бид үүнд тийм их хөрөнгө мөнгө үрэх шаардлагагүй юм байна. Би үүнийг боломж гэж харж байна. Хятадын компанийн хөгжүүлсэн DeepSeek манай технологийн салбарыг нойрноос сэрээх сэрүүлэг боллоо. Энэ нь дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэдтэй бид өрсөлдөөнд ялахын тулд улам илүү их төвлөрч ажиллах шаардлагатайг харуулж байна” гэж ярьжээ.

Трамп бас өөрийнх нь засаг захиргааны үед Америкийн технологийн компаниуд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хүчирхэгжихийг энэ үеэр амласан байна.

Мөн Америкийн компаниуд их зардал гаргалгүйгээр ижил үр дүнд хүрч болохыг тэр онцлон хэлжээ.

DeepSeek компанийн хөгжүүлсэн R1 хэлний загварын бүрэн нээлттэй эх код өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийтэд ил болсны дараа Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ $1 их наядаар унасан юм.

Хиймэл оюуны салбарыг чипээр хангадаг Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ энэ үеэр бараг $600 тэрбумаар буурсан нь нэг өдрийн дотор хамгийн их хэмжээгээр унасан түүхэн дээд амжилтыг тогтоожээ.

DeepSeek-ийг бүтээхдээ Nvidia компанийн харьцангуй хямд, олдоц сайтай бүтээгдэхүүн болох H800 чипийг ашиглан ердөө $6 саяын зардал гаргасан тухай мэдээ ийм уналтад хүргэсэн юм.

2022 оны арваннэгдүгээр сард зах зээлд гарсан H800 чип нь АНУ-ын засаг захиргаа хиймэл оюуны технологид ашиглагддаг орчин үеийн чипүүдийг Хятад улсад нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасны дараа Хятадын компаниудын хувьд хамгийн боломжит хувилбар болоод байжээ.

Өнгөрсөн онд АНУ-ын засаг захиргаа бас дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Тайванийн TSMC компанид Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахгүй байх нөхцөлийг тулган шахаж байв.

TSMC одоо Аризона мужид хоёр үйлдвэрээ байгуулж байгаа.

Эхний үйлдвэрийн шавыг 2020 онд Трампын өмнөх засаг захиргааны үед, хоёр дахь үйлдвэрийг 2022 онд Жо Байдены үед тавьж байжээ.

Эхний үйлдвэр нь өнгөрсөн оны сүүлээр ажиллаж эхэлсэн бол хоёр дахь нь 2028 онд ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Өчигдөр Трамп хагас дамжуулагчийн компаниудад АНУ-д үйлдвэрээ байгуулахгүй бол импортын өндөр татвар төлөхийг анхааруулсан байна.

“Тэд манайхаас Тайвань руу явсан. Одоо Тайвань чипийн бизнесийн 98 хувийг атгаж байна. Бид одоо тэднийг буцааж авчрах хэрэгтэй. Гэхдээ тэднийг ирүүлэхийн тулд би Байден шиг олон тэрбумыг өгөхгүй. Буцаж ирэх шалтгаан нь тэдний өөрсдийн эрх ашиг байх ёстой” гэж хэлсэн Трамп импортын татвараас зайлсхийх цорын ганц арга зам нь АНУ-д үйлдвэрээ байгуулах болохыг онцолжээ.

 

Эх сурвалж: Associated Press