Уншиж байна ...

Бусан хотын нисэх буудалд онгоц шатаж, зорчигчдыг нь нүүлгэн шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусаны олон улсын нисэх буудалд өчигдөр орой онгоц шатаж, зорчигчдыг нь нүүлгэн шилжүүлжээ.

Хонконгийн чиглэлд хөөрөхөд бэлэн болоод байсан Air Busan компанийн Airbus A321-200 онгоц орон нутгийн цагаар 22:26 цагийн үед сүүл хэсгээсээ шатаж эхэлсэн байна.

Нийт 169 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн, нэг засварын ажилчныг онгоцны ослын хаалгаар хийлдэг гулсуур ашиглан нүүлгэн шилжүүлжээ.

23:31 цаг гэхэд галыг бүрэн унтрааж дууссаныг нисэх буудлын эрх баригчид мэдээлсэн байна. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр гурван хүн хөнгөн бэртжээ.

Зорчигчдын 22 нь гадаадын иргэд байсан байна.

зураг
 

“Онгоцны арын тээшний тавиураас шажигнах чимээ гарч, дараа нь утаа гарч эхэлсэн. Бүхээгийн ажилтныг гал унтраагч авчрах үед утаа улам өтгөрч, тавиур шатаж байсан” гэж нэгэн зорчигч ярьжээ.

Гал онгоцны сүүл хэсэгт гарч эхлээд эх бие рүү тархсан бололтой. Одоогоор шалтгааныг олж тогтоогоогүй байна.

Өмнөд Солонгосын зам тээврийн яам долоон хүнээс бүрдсэн багийг Бусан хот руу илгээжээ.

Тухайн онгоц нь 17 жилийн өмнө ашиглагдаж эхэлсэн юм байна. Тус улсын агаарын тээврийн аюулгүй байдлын стандартаар ийм ангиллын нисэх онгоц 20 жил ашиглагдсаны дараа их засварт ордог гэнэ. Air Busan компани сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ямар нэг осол эндэгдэл гаргаж байгаагүйг албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News