Өнгөрсөн сард болсон томоохон ослын дараа Өмнөд Солонгосын эрх баригчид нисэх буудлуудынхаа аюулгүй байдлын стандартыг шалгаж эхэлсэн юм.
Энэ ажлын хүрээнд нийт долоон нисэх буудлын навигацийн системд зориулж босгосон бетон байгууламжийг буулгасныг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Jeju Air компанийн Бангкокоос ирсэн онгоц Муан хотын нисэх буудалд газардахдаа сүйрч, 179 хүний амь үрэгдсэн нь Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том агаарын тээврийн осол болсон билээ.
Хэрвээ уг онгоцыг элгээрээ газардах үед буух зурвасын төгсгөлд бетон хашаа байгаагүй бол бага хохирол амсах байсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа.
Уг бетон хашаа нь газардаж буй онгоцонд дэмжлэг үзүүлдэг “локалайзер” хэмээх системд зориулагдсан байв.
Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгосын засгийн газар бүх нисэх буудлуудаа шалгаад ийм бетон байгууламж долоод нь байгааг тогтоожээ.
Бас есөн нисэх буудлын локалайзерын байгууламжийн бүтцийг өөрчлөх шийдвэр гаргасан байна. Тэдгээрийн дотор улсынхаа хоёр дахь том буудалд тооцогддог Жэжүгийн олон улсын нисэх буудал багтжээ.
Бетоны оронд амархан эвдрэх боломжтой материалаар байгууламжийн хийцийг солихоор болсон байна.
Үүнээс гадна бетон байгууламжийг нь буулгасан долоон нисэх буудлын хөөрөх, буух зурвасын урт стандартад заасан 240 метрээс богино байсныг сунгахаар болжээ.
Тухайлбал осол гарсан Муан хотын нисэх буудлын зурвасын урт 200 метр орчим байсан гэнэ.
Jeju Air компанийн нисэх онгоцонд гурваас 78 насны нийт 181 хүн зорчиж явсны ихэнх нь 40-60 гаруй насны хүмүүс байжээ.
Тэдгээрээс нисэх багийн хоёр гишүүн л амьд үлдсэн юм.
Онгоц осолдохоосоо өмнө шувуутай мөргөлдсөний улмаас дугуй нь дэлгэгдэхгүй болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа.
Гэхдээ ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!