Монголын уран сайхны “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён нутгийн харамч айлд дайлуулдаг хэсэг дээр ноёнтон гэрийн эзэнд хандан “Манайхан хүнийг нэг муулахаараа мөн л ална шүү” гэж хэлдэг наргиантай үзэгдэл бий.
Яг л тэр ноёны үгээр монголчууд ямарваа асуудалд нэг туйлшрахаараа мөн ч алах юм аа.
Манайхан жилдээ нэлээд хэдэн удаа тун сүрхий туйлширдаг уламжлал одоо нэгэнт тогтчихжээ.
Удахгүй болох хаврын тэргүүн сар, Цагаан сарыг угтсан сэтгэлзүйн дайралт буюу зохиомол стрессийн аян дайн аль хэдийн эхэлж, өнөөдөр гайгүй сайн үүргээ гүйцэтгэж буй бололтой юм. Зах зээл, гудамж талбайд манайхан юу гэж туйлширч зүрх, зориг муутай, тоолдог хэддээ санаа нь зовж яваа өвгөд хөгшдийг амны бэлгэгүй хорон үгээр утаж итгэл, сэтгэлийг нь мохоож байна вэ гэвэл “Цагаан сар гэдэг лай, ланчиг байна аа.
Хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан хэдээрээ хонины ууц, үхрийн өвчүү авч тавих гэж махны ченжүүдэд шулуулж байна. Дээр нь хүний гар дээр тавих бэлэг сэлт цуглуулах гэж хагас сая төгрөгийн зардал гарна. Одоо чухам хаашаа харж үхдэг юм билээ” хэмээн шогшрон гүйлдээд эхэлж.
Цагаан сар тэмдэглэх гэсээр бараг л босгож шовойлгосон гэр орноо нураах шахуу юм болж эдийн засгийн хувьд элгээрээ хэвтэх нь ээ гэж бэлгэгүй, муу амлан гүйлдээд байгаа зохиомол стресс үүсгэгчдийн өмнөө барьдаг бамбай нь Цагаан сарын ууц, шүүсний тухай асуудал юм. Энэ талаар сонирхоод үзвэл уг нь монголчууд цагаан сарын битүүний өдөр эрүүг нь заагаагүй хонины толгой, дал, дөрвөн өндөр хонт шаант чөмөг юм уу эсвэл үхрийн чөмөг тэргүүтэй “гэр мах” чанадаг байж л дээ.
Үүнийгээ битүүлэг гэж нэрлээд битүүний орой айл хотлоороо цуглан битүүлэхдээ “битүүлэг ид” хэмээн биесээ дайлж, зөвхөн битүүний өдөр иддэг байж. Битүүрч эхлэхдээ хонины толгойныхоо эрүүг заах юм уу эсвэл үхрийн чөмгөө ташиж битүү хагарлаа, битүүлэг гарлаа хэмээдэг заншилтай юм байна.
Харин 1920-1930-аад онд хүрээнийхэн, 1990-ээд оноос улаанбаатарчууд бэл бэнчин, амьдралын түвшин, ашдын заяа буянаа бодолцоод Цагаан сараар бүхэл хонины шүүс тавих болжээ.
Тухайн үеийн 1990-ээд оныг өнөөдөртэй харьцуулбал цоо шинэ нийгмийн байгууламжид шилжээд удаагүй байсан монголчуудын амьдрал хүндхэн байсан нь маргашгүй үнэн.
Картын бараанаас дөнгөж салж ядан байхдаа л амны хишигтэй, тэнгэр язгуурт монголчууд мөнгө төгрөг, хөрөнгө чинээгээ зохицуулж хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг элбэг дэлбэг, идэж уухаар баян тансаг тэмдэглэх гэж дор бүрнээ чадлынхаа хэрээр зүтгэж, тэмдэглэсээр ирсэн.
Цагаан сарыг санасан хэмжээндээ тэмдэглэсээр ирлээ гээд монголчууд байдгаа барж, буян хишгээ гөвчихөөгүй. Зах зээлд шилжсэн 1990 он байтугай нэг намын дарангуйлалд байсан 1960-аад онд өвөө минь Цагаан сар тэмдэглэх гэж шөнөжин нууцаар ууцаа чанаж өдөр нь нөгөөхөө нуух нь холгүй итгэлтэй хүмүүс, ах дүү нараа оруулан сэмхэн тэмдэглэж байсан гэдэг.
Тэгвэл өнөөдөр Монгол Улс жилийн төсөв нь долоон их наяд төгрөгөөр хэмжигдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4000 ам.доллар руу ойртон, эдийн засаг нь жилд 15 хувиар өсч байгаа ийм сайхан нөхцөлд үндэсний хэмжээний хоёрхон баярын нэг Цагаан сар тэмдэглэх зан үйлээ лай, ланчиг, дарамт, амьдралыг нь сүйрүүлчих шахсан гай мэтээр муу муухай үгээр гутаах нь жинхэнэ буян заяа, амны хишиг рүүгээ нулимсан өчүүхэн бодолтнуудын хорон муу явуулга мөн.
“Хонины дөмөгхөн ууц авахын тулд 300 мянган төгрөгөө муусайн ченжүүдэд тушаах нь” гэж хараал тавьж байгаа хүмүүс Цагаан сар тэмдэглэхгүй л байх хэрэгтэй. Яах вэ дээ. Хүмүүс ороод ирвэл хоосон царайлж хоёр гуравхан хатсан боорцог тавьчихаад, хар цай амсар нь эмтэрхий халтар аяганд хийгээд далбилзуулсан шиг л сууна биз.
Харин буян заяа, амны хишгээ бодож ирээдүйн сайханд итгэдэг хүмүүс нь 400 мянгаар данх шиг данагар сүүлтэй зүүн аймгийн хонины ууцаар шүүс тавьж орсон гарсан хүмүүсийн ходоодыг дүүргэж, сэтгэлийг нь сэргээгээд гаргана л биз.
Цагаан сараар идээ будаа дүүрэн, бэлэг сэлт арвинтай байлаа гээд буянаа барж, үгүйрч хоосорсон айлыг би л хувьдаа сонсоогүй, үзээгүй. Харин ч буяны дээд өглөг хишиг, бэлэг сэлт арвинтай айл тэр хэрээр өөдлөн дэвжиж түмэн олонтойгоо хувааж хүртсэн амны хишиг нь арвижин тэлж байдаг нь маргашгүй үнэн билээ. Цагаан сар ойртох тусам зах дэлгүүр, ялангуяа хүнсний захуудад “Галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болох нь.
Баячуудыг дагаж борчууд бид Цагаан сар тэмдэглэх гэж зүдэрч байна” гэх хорлонтой муу үг нисэлдэж байгаа. Гэтэл Цагаан сар бол хэн нэгэн баян юм уу, Хайлаастын дугаар хорооны иргэн Дугарт зориулагдсан баяр биш билээ. Энэ бол үндэсний их баяр, цэнгэл юм. Цагаан сарыг хэтэрхий баян тансаг, нүсэр тэмдэглэлээ гээд УИХ, Засгийн газрын гишүүдийг барьж хорихгүйтэй адил хөрөнгө мөнгөний бололцоо нь хүрээгүйгээс ууц тавьж, бууз жигнээгүй айлыг түмний шившиг, амны зугаа болгох эрх хэнбугайд ч байхгүй.
Ёстой л “Хөнжлийнхөө хэрээр жийж, адууныхаа хэрээр исгэрдэг” хорвоо болохоор хаврын тэргүүн сарын баярыг айл хотол, Монгол даяараа дэнж хотолзуулсан идээ будаатай, дэлхий дэлдийлгэсэн тансаг баян тэмдэглэн өнгөрүүллээ гээд тэнгэр заяат та бидэн үгүйрч хоосрох бус улам л өнгөжин жавхаажиж, ирээдүйдээ итгэл батжиж, сэтгэл сэргэх бус уу.
Ер нь цуглуулж хураасан хэдээрээ Цагаан сараа баян тансаг тэмдэглэчихээд хаврын гурван сард бүсээ чангахан бүсэлж, тооцоотойхон өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Тэртэй тэргүй Цагаан сараас үлдсэн ууцны мах, ул боов, идээ будаа хаврын тарчиг цагт хангалттай хүрдэг.
Харин тэгэхдээ болж өгвөл Цагаан сарын гарын бэлэг бэлдэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, Монголд үйлдвэрлэсэн бараа таваар, үгүй ядаж л хүүхдүүдийн гар дээр 1000 төгрөг тавиад өгчихвөл Цагаан сар жинхэнэ Монгол баяр болж, эд баялаг маань Эрээн рүү урсах биш зөвхөн Монголдоо үлдэх болно.
Цагаан сарын ард яаж гардаг юм билээ гэж муу амлан гүйлдэхийн оронд “Хятадын хямдхан, хулхи барааг хүний гар дээр тавьж онигоонд орохгүй юм шүү” гэж л Монгол даяараа шуугилдацгаая. Эрээнээс чирж ирсэн эрээн мяраан ганц сарын насгүй нүдний булайнуудыг хүний гар дээр тавьж түмний шившиг болохоо больцгооё.
Түүний оронд Монгол хонины ноосоор урласан халуун дулаан улавч ч юм уу, ширэн түрийвч, тэлээ, үгүй бол Солонгосын гоо сайхны бараагаар ирсэн гийчдийн гарыг цайлгацгаая. Тэнгэр заяат монголчууд минь Цагаан сар үндэсний бахархалт баяр болохоос сэтгэлийн дарамт, хөрөнгө чинээгээрээ уралдах нэг ёсны хэнээрхэл биш билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!